Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт 6 настай хүүхэд Ховд голд унаж осолдсоноос хойш 7 хонож байна. Анхны дуудлага энэ сарын 13-нд ирсэн бөгөөд тухайн өдрийн 16:55 цагийн орчим осолдсон талаар Ховд аймгийн Онцгой байдлын газар дуудлага иржээ.

Үүнээс хойш тасралтгүй 7 хоног Онцгой байдлын эрэн хайх аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 22 албан хаагч, 2 завьтайгаар эрэн хайжээ. Энэ хугацаанд Ховд голын мөсөнд 100-аад цооног гаргаж, 100 гаруй удаа гүний шумбалт хийж голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олдоогүй тул ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар тус аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Мөн уг ажиллагаанд 6 настай хүүгийн гэр бүлийн 15 хүн, нутгийн иргэд,  сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар оролцсон байна. 

Хүү осолдохоосоо өмнө голын харзалсан хэсэгт эгчтэйгээ тоглож байжээ. Хамтдаа зураг авахуулж байгаад эргээд хартал дүү нь унаж ийнхүү харамсалтай хэрэг гарчээ.Тухайн үед хүүхдүүдийн  тоглож байсан Ховдын голын харзласан хэсэг нь 1 метрийн гүн байжээ.

Өнгөрсөн жил тус аймгийн Ховд голд мөн л нэг хүүхэд осолдож эрэн хайхад олдоогүй бөгөөд 3 дугаар сард цогцос нь гарч ирсэн байдаг.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.