Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн засвар шинэчлэлтийн ажил дуусч, өчигдөр нээлтээ хийлээ. 

Анх ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1991 онд ашиглалтад орж байсан тус номын санд засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.

Нээлтийн үеэр НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Улаанбаатар хотын Төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар анх 1991 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч удаа засвар, үйлчилгээ хийгдээгүй байсан. Энэ номын сан нь хүйтэн гэрэл муутай гэх зэргээр хүн үйлчлүүлэх боломжгүй болсон байсан. Уг номын санг засварлан шинэчлэж орчин үеийн жишигт хүргэх ажлын зардлыг 2018 оны нийслэлийн төсөвт суулгасан байсан. Өнөөдөр засвар, шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад орж байна. Нийслэлийн Засаг даргын Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийн хүрээнд номын сангуудын уншлагыг дэмжих гэсэн заалт бий. Үүний түрүүч болж энэ номын сан ашиглалтад орж байгаад баяртай байна. Иргэддэдээ хандаж номын сангаараа идэвхитэй үйлчлүүлээрэй гэж хүсье” хэмээв.

Уг салбар номын сан нь Өнөр хорооллын 2 дугаар бичил төвд байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, хүүхдийн ба насанд хүрэгчдийн гэсэн хоёр танхимтай, нийт 40 мянга гаруй номтой аж.