НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хотын даргыг сонгоно.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд мөн НИТХ хуралдаж, нууц санал хураалт явуулахад олонхын саналаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг хотын даргаар сонгосон.

МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн МАН-ын бүлэг С.Амарсайханыг хотын даргад дэвшүүлсэн бол С.Мөнхчулуун өөрөө заалнаас нэрээ дэвшүүлж олонхын саналыг авсан юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хотын даргаар сонгохоос татгалзсан учир хуулийн хугацаа болох 15 хоногийн дотор хотын шинэ даргыг сонгохоор НИТХ өнөөдөр хуралдах юм.

МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, С.Мөнхчулууныг намын гишүүнчлэлээс гарсан тогтоолыг баталсан. Өөрөөр хэлбэл түүнийг намаасаа хөөсөн.

Гэвч С.Мөнхчулуун МАН-ын гишүүн гэдэг утгаараа биш НИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд дахин хотын даргад дэвшихээ мэдэгдээд буй юм.

Түүнтэй хэн өрсөлдөх нь одоогоор тодорхой бус байгаа ч НИТХ-ын дарга С.Амарсайхан дахин нэр дэвшинэ гэсэн таамаг байна.