Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргажээ.

Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. 

Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана. Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” хэмээн мэдээллээ

Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй аж.

"Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай  Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүргэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс