Дэлхийн олон улсад тархаж байгаа коронавирусын халдвараас урьчилсан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв,  саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосон.

Тэгвэл өчигдөр Засгийн газраас нийслэлд ирүүлсэн амралтын газар, фитнесс заал, сауны  үйл ажиллагааг нээх чиглэлийн хүрээнд НОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох судалгаа тооцоо, тоон баримтанд үндэслэн хэлэлцсэн.

Энэ хүрээнд олон хүн нэг дор төвлөрөхөөс урьчилан сэргийлэх, улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Тус захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, цөөн хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээлээ.

Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа нээж, явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэж байх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллахыг Хотын дарга захирамждаа дурьджээ.