Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр нийтийн тээврийн автобусны үйлчилгээ, UB smart картын үйл ажиллагаатай танилцаж, сайжруулах үүрэг чиглэл өгчээ.

Тэрээр Ч:30, ХО:2, Ч:65 зэрэг хэд хэдэн чиглэлийн автобусанд сууж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. 

Энэ үеэр иргэд "“Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх” гэсэн саналуудыг хэлжээ.

Дараа нь хотын дарга С.Амарсайхан Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад “U-money” цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, автобусны буудлуудад ажиллахгүй байгаа карт борлуулах цэгийн ТҮЦ-үүдийг буулгах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “U money” картны хялбаржуулсан үйлчилгээ, аппликейшний нэмэлт хөгжүүлэлтэд анхаарч иргэдэд ойлгомжтой, хүндрэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, олон нийтэд сурталчилж ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд ая тухтай цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албанынханд даалгав.

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэг байдаг. Тэдгээрийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50м-ийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100м-ийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600м-ийн зайд байрладаг аж.

“U money” цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж буйгаа “Улаанбаатар смарт карт” компанийнхан хэлсэн байна.