Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар холбогдох албанынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр:

-Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байна. 

-Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

-Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгааг албанынхан онцлов.

Мөн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан нь галлагааны зөвлөмжийг хэвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч олон нийтэд хүргэж ажилласны үр дүн. 

Нийслэлд өдөрт 300-400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Автомашинаас гарч байгаа хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэж судалгаагаар тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнтэй холбогдуулан зөвлөлийн хурал дээр хар утаа хаяж, агаар орчин бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр зорчуулахгүй байх үүрэг чиглэл өгсөн байгаа. Тиймээс хар утаа их хаяж агаар орчны бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг бид  “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд хүлээн авч, яаралтай арга хэмжээ авч ажиллана” хэмээн мэдээллээ.