Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар өнөөдөр Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр “Daewoo Bus  Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С хотын автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Daewoo Bus Kazakhstan” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг. Автобусууд нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дотор, гадар эд ангийг төмрөөр хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай, хүүхдийн автобус нь зориулалтын жижиг суудалтай хяналтын камер, хамгаалалтын хэрэгслээр тоноглосон гээд нийтийн тээврийн стандартын шаардлагыг бүрэн хангасан” хэмээлээ. Мөн Улаанбаатар хотод Казакстан Улсаас автобус нийлүүлсэн тохиолдолд баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг нь бүрэн хариуцах нэгдсэн төв байгуулж өгөх талаар дурдав.

Хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хот нийтийн тээврийн парк шинэчлэлд  ихээхэн ач холбогдол өгч буйгаа дуулгаад, хэд хэдэн улсын автобус үйлдвэрлэгч нийлүүлэгчидтэй уулзаж, судалж байгаагаа хэллээ. 

Тэрбээр “Хотын удирдлагууд автобусны чанар, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл, засвар үйлчилгээ,  баталгаа гэх мэт харьцуулалтыг хийж судалж байна. Автобусны хийц дизайн,  чанар, аюулгүй байдал маш чухал. Дотоодын үйлдвэрлэгч компаниудтайгаа санал солилцсон. Бидний зүгээс автобусны чанар үзэмж, нийтийн тээврийн стандарт, төлбөрийн уян хатан нөхцөлийг чухалчилна” гэв.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс