Хот хоорондын зорчигч тээвэрлэгчдийн холбооноос өнөөдөр зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд тус холбооныхон саяхан ЗТХЯ-нд болсон хэрэгтэй холбоотойгоор ажлаа хийж байсан хүмүүс хариуцлага хүлээн огцорч, бидний хамтран ажиллах бодлого төлөвлөлтийн ажил гацаж буйд харамсаж байна хэмээв. 

Мөн тэд "Манай холбоо Монгол Улсын хэмжээнд нийт 72 чиглэлд 59 аж ахуйн нэгж 1000 гаруй тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна.

Одоогоос найм хоногийн өмнө ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, АТҮТ-ийн дарга Дэлгэрнаран нарт гурвалсан уулзалтаар үнэ тарифын асуудлыг зохицуулъя гэсэн шаардах бичиг өгсөн. Харамсалтай нь ЗТХЯ бидний шаардах бичигт хариу өгөх боломжгүй боллоо.

2008 онд хот хоорондын тээврийн үнэ тарифыг нэг хүн нэг км-т 50 төгрөгөөр зорчихоор тогтоосон. Гэвч иргэдийн амьдралын түвшин зэргээс хамаарч одоог хүртэл нэг хүн нэг км-т 31-40 төгрөгөөр зорчиж байна. Энэ үнийг тогтоосон үе буюу 2008 онд бензины үнэ 900 төгрөг байсан. Өнөөдөр бензины үнэ 3.5 дахин нэмэгдэж, 1900-2100 төгрөг болсон.

Хот хоорондын тээвэрлэгчдийн холбооны мэргэжилтнүүдийн судалснаар өнөө үед тээврийн зардал, сэргээн босголт зэргээ тооцоолоод нэг хүн км-т 71-83 төгрөгөөр зорчих нь тохиромжтой бөгөөд бидэнд алдагдалгүй байна гэж тогтоосон. 

Гэхдээ мөн иргэдийн амьдралын түвшин, орлого бага байгаа учир 71 төгрөг биш юм аа гэхэд нэг хүн нэг км-т 50 гаран төгрөгөөр зорчих жишиг үнийг ЗТХЯ болон АТҮТ-өөс тогтоож өгөхийг бид шаардаж байна. 

Хот хоорондын тээвэр эрхлэгч компаниуд цаг үргэлж алдагдалтай ажиллаж байна" гэдгийг онцоллоо.