Цаг үеийн асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас шөнийн 01:00 цагт мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар Э.Энхболд "Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа. Энэ цаг мөчөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 01:00 цагаас нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг Тээврийн цагдаагийн алба болон цагдаагийн байгууллагаас эрчимжүүлэн ажиллаж байна.

Иймд иргэд энэ цагаас хорио цээрийн дэглэмээ барьж, гадуур хөдөлгөөнд оролцохгүй байхад анхаарах шаардлагатай. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Зөвхөн хүнс тээвэрлэх, эмнэлэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цагдаа, онцгой зэрэг зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай 13 төрлийн тээврийн хэрэгслээс бусад машиныг хөдөлгөөнд оруулахгүй.

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хүч нэмэгдүүлэн ажиллаж, хөдөлгөөнийг хааж, хяналт шалгалт хийж байна. Иргэд гэрээсээ гарахгүй байх нь өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж буй үйлдэл юм.

Дундговь аймгаас гарах, орох хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 13-наас хязгаарлана. Бусад 20 аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан байгаа. Ялангуяа Дархан, Сэлэнгэ аймагт төв доторх хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байгаа. Тиймээс иргэдийн орон нутаг руу юмуу нийслэл рүү явах үйл ажиллагаа хязгаарлагдсан гэдгийг мэдэгдье" хэмээлээ.

Мөн тэрээр "Иргэд аюулгүй байдлаа хангаж, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг хүсье. Мөн та бүхний төлөө цаг наргүй ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагч нарынхаа хөдөлмөрийг хүндэтгэж, хатуу хөл хорио тогтоосон 5 хоногт гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна" гэв.