Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласнаа дуулгалаа. Мөн хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд зогсоож байгаа аж.

Нэгэнт хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй гэлээ. Гэхдээ иргэд ухамсартай хандаж байгаа гэдгийг УОК-ын дарга буюу Шадар сайд Ө.Энхтүвшин онцолсон юм.

Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Өмнө 4 тэрбум гаруй төгрөгийг зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан юм.

Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах аж.