Хорин жилийн өмнө Франц улсад болсон хөл бөмбөгийн ДАШТ-д Хорват улсын Мирослав Блазевич дасгалжуулагчтай шигшээ баг гуравдугаар байрт орж, тус улсын нэрийг дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд дансалсан билээ. "Дасгалжуулагчдын дасгалжуулагч" гэгдэж байсан М.Блазевич энэ удаагийн ДАШТ-нд улсынхаа шигшээ багийн тамирчдад өндөр найдлага тавьж байгаагаа илэрхийлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

“Златко Далич /Хорватын шигшээ багийн дасгалжуулагч/ надтай утсаар холбогдож, Оростой хийх дараагийн тоглолтын талаар хэдэн асуулт тавилаа. Надаас зөвлөгөө авахыг хүссэнд нь талархаж байгаа хэдий ч түүнд миний зөвлөгөө шаардлагагүй. Далич бол хамгийн сайн дасгалжуулагч бөгөөд багийн тамирчдаа маш сайн дасгалжуулж байгаа билээ” гэж М.Блазевич мэдэгджээ.

Тэрбээр “Хорват улс энэ удаагийн ДАШТ-ний аварга болно. Бид шигшээ тоглолтод Бразилийн багийг ялна. Энэ бол ганц миний ч бодол биш, дэлхийн өнцөг булан бүрт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шимтэн үзэж суугаа мэргэжил нэгт нөхдийн маань олонхи нь ингэж бодож байгаа” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Хорватын шигшээ багийн тамирчид өөрсдөдөө итгэлтэй байгаа бөгөөд “Бид 1998 оны тэмцээнд шигшээ багийн тамирчдынхаа гаргасан амжилтыг ахиулах болно” гэж хамгаалагч Деян Ловрен Аргентины шигшээ багийг буулган авсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг