Хорхойсол тийм ч амар арилдаггүй. Чипс, боов, жигнэмэг, давсалсан хүнс нэг идмээр санагдвал заавал идэж байж санаа нь амардаг хүмүүс бий. Энэ ялан дийлэгдэшгүй их хүсэл бидний эрүүл хооллох зорилгыг минь төвөггүй мохоож, таргалалтын эх булаг нь болдог билээ. 

Тэгвэл хорхойсол гэж юу вэ, хэрхэн тэмцэх вэ гэдгийг BBC өгүүлжээ. Үнэндээ амттан хүсэх нь ой санамжтай холбоотой гээ. Тодруулбал, бид дуртай зүйлээ идэх үед тархинд эерэг дурсамж үүсдэг.  Ийнхүү хоолыг жаргалтай дурсамжтай холбож бодоход эргээд амт, мэдрэмж нь сайхнаар төсөөлөгддөг гэж Бостоны их сургуулийн профессор Карей Моруэж ярьлаа. Тухайн хүнсийг идэх тусам тэрхүү дурсамжаа баталдаг. Ийм дурсамж ухаан санаанд өлсөх, хорхойсохтой адил дохио төрүүлдэг ажээ. Үнэр, мэдрэмж, газрын тухай бодоход л заавал идэх ёстой юм шиг санагдаж болно гэсэн үг. 

Нүүрс ус ихтэй чихэрлэг ундаа, чипс, шарсан төмс тархины өөрийгөө шагнах төвд хүчтэй мэдээлэл илгээдэг байхад бяслаг тэргүүтэй тослог хүнс өөр замаар тархинд хүрдэг. Харин нүүрс ус, тослог холилдсон зайрмаг, шоколад зэрэг нь шагналын хэсэг илүү хүчтэй ажиллаж, үр дүнд нь хүссэн юмаа идэх хэрэгцээ бий болдог. 

Хорхойсол нэмэгдэх шалтгаан

Бидний сэтгэл зүй болон амьдралын хэв маяг хорхойслоо тэсэхэд хүнд болгодог. Үүний дотор:

  1. Сэтгэл гутрал: Шаржигнуур, шоколад, жигнэмэг их хэмжээгээр идмээр санагдах нь стрессийн хэмжээ өндөр байгаатай холбоотой. 

  2. Уйдах, тавгүйтэх. 

  3. Өдрийн унтлага хорхойсолтой холбоотой байдаг бол тогтворгүй нойр BMI буюу биеийн жингийн индексийг нэмэгдүүлдэг байна. 

  4. Хоолны хатуу дэглэм ч мөн хорхойсол нэмэгдүүлдэг. 

Хорхойслоо дарах 5 арга

Аливаа хүнс ихээр хүсэмжлэхийг зохицуулах, урьдчилан сэргийлэх хэдэн арга бий. 

  1. Ус их уух. Судалгаагаар хоолны өмнө 500мл ус уух нь жингээ хасахад тустайг нээн илрүүлсэн. 

  2. Нэг хоолыг байнга идэж байна гэж төсөөлснөөр тухайн хоолыг идэх нь багасдаг талаар профессор Моруэж баталсан юм. Туршаад үзэхэд илүүдэхгүй. 

  3. Дасгал хий. Хүмүүсээр ахар хугацааны дасгал хөдөлгөөн хийлгэхэд шоколад идэх хүсэл нь багассан ажээ. 

  4. “Хоолоо хангалттай идвэл үд болон оройн цагаар чихэрлэг амттан идэх дур хүсэл багасна” гэж ахлах сэтгэл судлаач Солли Бейкер зөвлөлөө.

  5. “Хэрэв сэтгэл гутралтай, айдастай, эсвэл бүр уйдсан бол юм идэхээс өөр өөрийгөө тайвшруулах арга байдгийг санаарай. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхах, найзуудтайгаа юм ярьж суух, халуун ваннанд орох ч хүртэл янз бүрийг жижиг сажиг юм идэхээс илүү тустай байдаг шүү. Угтаа энэ нь идэхээс ч илүү сайхан мэдрэмж үлдээх болно.” Солли Бейкер.