Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

Хуралдаанд Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. 

Гарч буй зөрчлийн дийлэнх нь:

- Гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, 

- Түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, 

- Гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. 

Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. 

Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг марсайханзөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч С.Амарсайхан онцгойлон сануулав.

Ирэх долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийнэ гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. 

Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө сургууль, цэцэрлэгт дахин ариутгал, халдваргүйтэлийг явуулах шаардлага байгаа талаар дүүргүүдийн удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн тухайгаа тэрбээр мөн онцолсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг аж ахуйн нэгж, байгууллагууд биелүүлж, ариутгалын ажлыг сайн хийсэн гэдгийг хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа.