Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 03 дугаар сарын 13-14-ний өдөр Дархан-Уул аймагт ажилласан байна.

Энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 435, 445 дугаар ангиудад болон цагдан хорих байранд хяналт шалгалт хийжээ. Мөн тус Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон Эрүүлжүүлэх, баривчлах байрны үйл ажиллагаатай танилцсан байна.

Шалгалтаар хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн орчин, үнэлгээнд анхаарал сул тавьдаг нь илэрчээ.

Тухайлбал үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжгүй байранд хоригдлууд модон эдлэл, ноос, оёмол бүтээгдэхүүний цех ажиллуулж байжээ. Мөн компаниуд үйлдвэрлэлдээ аль болох бага зардал гаргахын тулд хорих ангийн удирдлагатай ажиллах хүч авах гэрээ хийж хөдөлмөрийн үнэлгээг нь хэт багаар тооцдог зэрэг зөрчил илэрсэн аж.

Тиймээс энэ асуудал дээр ХЭҮК-оос санал дүгнэлт, зөвлөмж гаргахаар болжээ.