Калорын хэмжээг бууруулах нь урт хугацаанд тураах, эрүүл байхтай ямар ч холбоогүйг эрдэмтэд яруу тодоор хэллээ. Дэглэм барьдаг архаг тоглогчид үүнийг хэдийнэ мэддэг болсон байх учиртай. Гэвч дэглэм донтуулдаг, мөн үр дүнгээ удаан хадгалдаггүй учир тэд ахиад л нэг дэглэм олчихсон байгаад эргэлзэх хэрэггүй. 

Хоолны дэглэм барьж үзээгүй хүмүүс барих нь юу л бол. Дассан сурсан хоолноосоо татгалзахыг тэд хүсдэггүй. Оюунаа байсхийгээд л хоол иддэг, таргалуулах өндөр магадлалтай түргэн хоолыг ч тоолгүй идчихдэг. Гэвч таргалж харагддаггүй, тэр дэглэм барьдаггүй, төрөлхийн л туранхай. 

Судлаачид хоолны дэглэмүүд, дэглэм баригчдыг удаан хугацаанд ажиглалт хийхэд дийлэнх нь үр дүнгүйг олж харжээ. Жингийн хэт илүүдэлтэй хүмүүс бүтэлгүйтэж, жингээ дахин хасахаа болихоороо дэглэмээ буруутгаж эхэлдэг шүү дээ. Харин шинжлэх ухааны үүднээс харахад дэглэм шударга тоглогч биш. Гэвч Оюунаа шиг хүмүүс хоолны дэглэм үр дүнгүй гэдгийг мэдээд гайхдаг. 

Шударга бус тулаан

Оюунаа өөрийгөө хооллолтоосоо болж туранхай байгаа гэж боддог ч үнэндээ түүний ген чухал үүрэгтэй. Гэвч хүмүүсийн нүдэнд түүний ген биш, хооллолт нь л харагддаг болохоор хоолтой л холбож боддог. Олон хүн Оюунаатай ижил хэмжээний, бараг бага хоол идсэн ч таргалах магадлалтай. Учир нь тэдний бие Оюунаагийнхаас бага калороор ажиллах боломжтой.

Гэтэл Оюунаатай адилхан хэмжээний калор авчихаад Оюунаагаас багыг нь зарцуулдаг гэж бодъё. Үлдсэн калор нь өөх л болж үлдэнэ биз дээ. Онолын талаас жингээ хасахын тулд Оюунаагаас бага калор авах хэрэгтэй гэсэн үг. Ийнхүү хоолны дэглэм хэсэг хугацаанд барихад бодисын солилцоо өөрчлөгдөж, үргэлжлүүлэн турахын тулд бүр ч бага идэх шаардлагатай болдог. 

Оюунаа дэглэм барьдаггүй, мөн хүний ширээн дээр байгаа шоколадыг тоолгүй өнгөрөхөд хэцүү байдаггүй. Харин дэглэм баригчдын хувьд тэр шоколад дээш, доош үсчээд “Намайг ид л дээ” гээд орилоод байгаа юм шиг л санагддаг. Дэглэм барьж эхлэхэд мэдрэлийн системд өөрчлөлт орж урьд өмнөхөөсөө ч илүү хоолонд мэдрэг болдог. Улмаар ямар нэг идэх юм олж харвал хэсэгтээ бодож сууна.

Дэглэм баригчдын мэдрэлийн системд өөрчлөлт орсноор хоолыг өмнөхөөсөө илүү амттай болгож мэдрэн, аливаа зүйл зугаатай, сайхан санагдах үед ялгардаг допамин гэх гормоны хэмжээг ихэсгэнэ. Энэхүү гормон хар тамхичид дуртай хар тамхиа татах үед ч ялгардаг. Харин Оюунаа хоолноос ийм мэдрэмж авдаггүй. 

Оюунаа өдрийн хоолондоо цаддагийг мартаж болохгүй. Харин дэглэм баригчдын гормоны ялгаруулалт өөрчлөгдсөн тул цадахад ялгардаг лептин гормон доошилно. Өөрөөр хэлбэл, тэд цадсан мэдрэмж авахын тулд өмнөхөөсөө ч их идэх хэрэгтэй болно. Бүр Оюунаагийн өдөр тутам иддэг өдрийн хоол ч тэднийг цатгахгүй. 

Сэтгэлийн тэнхээ тань хаана байна вэ?

Хүмүүс Оюунааг хараад өөрийгөө удирдах чадвар, сэтгэлийн тэнхээг нь магтана. Гэвч цатгалан үедээ хоолноос татгалзах нь өөрийгөө удирдах чадвартай яг холбоотой болов уу. Хоол харсан ч тоохгүй байх нь өөрийгөө удирдаж буй хэлбэр үү?

Хоолны дэглэм юу юунаас илүү танин мэдэх чадварт нөлөөлдөг. Ялангуяа биеэ барих ажиллагаанд. Энэ нь дэглэм баригчдад хэрэгтэй удирдах, биеэ барих чадвар маш бага гэсэн үг. Харин хүссэнээрээ иддэг хүмүүст ийм чадвар хангалттай байдаг ч ашиглах шаардлага ховор. Биеэ барилгүй идлээ ч Оюунаагийн калор зарцуулах чадвар илүү өндөр учраас амархан шатаачихна. 

Аймшигт үнэн гэвэл, хүмүүс хэсэг хугацаанд хоолны дэглэм барьсны дараа урт хугацаанд дэглэм барихад хэцүү болж ирдэг. Физиологийн талаас боломжтой, мөн цөөн тооны хүмүүс жингээ удаан барьж чаддаг. Гэвч тэр бүх хугацаанд бие махбодтойгоо байнгын тэмцэж, үйл ажиллагааг нь доголдуулах л болно. 

Шинэ жилийн даашинздаа багтахаар дэглэм барьсан хүмүүс удалгүй буцаад таргалчихдаг байх аа? Хэрэв та Оюунаа бол тэдгээр хүмүүс өөрийгөө хэрхэн золиосолсныг, ямар бага хоол идэж байсныг санаарай. Тэр үед та өөртөө амттан таваглаад байж байсан шүү дээ. Тэдний хичээл зүтгэлийг үнэлж, өөрөө ингэх шаардлагагүй дээ талархаарай. 

Хэрэв та дэглэм барьдаг бол өөрийгөө ямар хүчирхэг болохыг, мөн маш цөөн тооны хүн л хождог шударга бус тоглоомд орсноо санаарай. Эрүүл мэндээ өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөөр сайжруулахад анхаарах цаг болсон болов уу.