Манай улсад өдөрт 200-гаас олон хүнээс коронавирус илэрвэл хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэж УОК тооцоолсон хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр буюу сүүлийн 24 цагт 210 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 216 нь Улаанбаатарт, 3 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол нэг нь гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн аж. Энэ нь манай улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хоногт хамгийн олон хүнээс халдвар илэрсэн тохиолдол юм. Өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдсэн халдвар 4.658 боллоо. Тэдний 70 хувь буюу 3.606 нь эдгэрсэн байна. 

Өдөрт бүртгэгдсэн халдварын тоо 200-г давсан учир одоо хатуу хөл хорио тогтоох уу, тогтоовол хэзээнээс хэд хоног вэ гэсэн асуудал үүсэж байна. Хатуу хөл хорио тогтоох талаар хэн, юу хэлснийг хүргэж байна.

Ерөнхий сайд өнөө өглөө Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Энэ үеэр:

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нэгдсэн дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусийн тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж байна. Хоногт 200 гаруй тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байна. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч буйгаар тооцоход маш өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой. Зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой" хэмээлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Хөл хориог цуцалсан өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байна. Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно. Хатуу хөл хорио тогтоохгүй байх саналтай байна" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья.  

Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байна. Бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй. Бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй" хэмээлээ.