ХОНКОНГ. /ВВС/. Хонконгийн ардчиллыг дэмжигч жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн боллоо.

Хонконг дахь БНХАУ-ын төлөөлөгчийн газарт хүрэхийг завдсан жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сум ашигласан байна. Өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон уг жагсаалд хэдэн арван мянган хүн оролцжээ. Ингэснээр Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцэгч болон ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн ажиллагаа найман долоо хоног дараалан амралтын өдрүүдээр болж байна.

Хонконг нь дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтад дээгүүр байр суурь эзэлдэг хэдий ч сүүлийн үед тус хотод жагсагчид, цагдаа нар болон саваа барьсан хүмүүс /гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд гэж таамаглаж байгаа/ хооронд ширүүн мөргөлдөөн гарч, энэхүү статуст нь сөргөөр нөлөөлж байна.

Өнгөрсөн ням гарагт хэд хэдэн газарт цугласан жагсагчид хамгаалалтын дуулга өмсөж, шил зүүн “Хонконгийг чөлөөл” хэмээн хашхирч эсэргүүцлийн ажиллагааг эхлүүлжээ. Энэ үед цагдаа нар бизнесийн төв дүүрэг дэх цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, БНХАУ-ын төлөөлөгчийн газрыг чиглэн явсан жагсагчдын замыг хаасан байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын төлөөлөгчийн газрыг тойруулан хуванцар хаалтаар бэхлэлт татан, барилгын урд хаалган дээрх БНХАУ-ын Засгийн газрын тэмдгийг хуванцраар бүрхсэн байжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг