ХОНКОНГ. /NHK/. Хонконгт өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр цагдаагийн ажилтнууд 300 гаруй хүнийг баривчилснаар өнгөрсөн зургадугаар сараас хойш баривчлагдсан хүний тоо 3000 давжээ.

Даваа гарагт цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас ням гарагийн хугацаанд 325 хүнийг баривчилсан бөгөөд тэдний дийлэнхийг биедээ зэвсэг авж явсан, хууль бус цуглаанд оролцсон хэмээн үзсэн байна. 

Өнгөрсөн ням гарагт орон сууцны хорооллын нэгэн томоохон дэлгүүрт хутгатай этгээд хүмүүс рүү халдсан хэрэг гарчээ. Тухайн үед оршин суугчид гар гараасаа хөтлөн гинжин цуваа үүсгэхээр цугласан байсан аж. Нийт 5 хүн гэмтсэний дунд чихээ хазуулсан нэгэн улс төрч багтсан байна. Цагдаагийн ажилтнууд хүчирхийллийн эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ амлажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг