ХОНКОНГ. /TASS/. Хятадын засаг захиргааны тусгай тус бүс болох Хонконгийн тэргүүн асан Дональд Цангийн авлигын хэргийг тус бүсийн давж заалдах дээд шатны шүүх цагаатгасан тухай радио, телевизийн RTHK компани мэдээлжээ. Тэрбээр авлигын хэргээр нэг жил шоронд хоригдоод гарсан байна.

Өдгөө 74 настай Цанг эхнэртэйгээ хамт Европоор аялж байгаа учраас шүүх хуралд оролцоогүй аж. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял шийтгүүлсэн Хонконгийн хамгийн өндөр албан тушаалын түшмэл болсон юм. 2017 онд түүнд 20 сар хорих ял оноосон боловч тэрбээр жил хоригдсоныхоо дараа энэ оны нэгдүгээр сард суллагджээ.

Хонконгийн тэргүүн асныг 2010-2012 онд Хятадын магнатуудын нэгээс хөрш Шэньжэн хотод тансаг зэрэглэлийн орон сууц түрээсийн нөхцөлтэйгөөр авсан талаараа мэдүүлээгүй гэж буруутгасан байна. Тангарагтны шүүх Цангийг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх Цангийн хэргийг дахин хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүх хурлын үеэр түүнд холбогдох хэрэгт авлигын элемент байгаа гэдэгтэй тангарагтнууд санал нэгдэж чадаагүй, харин шүүгчид хууль зөрчсөн шалтгааныг үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг