ХОНКОНГ. /TASS/. Ази-Номхон далайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр өртөг бүхий хэлэлцээрүүдийн нэгийг Хонконгт байгуулжээ. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, Хонконгт тансаг зэрэглэлийн нэгэн гоёмсог харшийг 916 сая хонконг доллароор /117 сая ам.доллар/ худалдсан байна.

Энэ бол Хонконгийн хамгийн нэр хүндтэй дүүрэг болох Пик Викторияд оршдог хувийн байшин юм. Дөрвөн давхар уг харш нь 806 квадрат метр талбайтай, цэцэрлэгт хүрээлэнтэй ажээ.

Гоёмсог харшийг 22 настай, Мэттью Чэн гэдэг бизнес эрхлэгч худалдан авсан байна. Тэрбээр Хонконгийн магнат Кенни Чэний хүүхэд бөгөөд эцгийнхээ эзэмшдэг “Cheung & Sons” үндэстэн дамнасан корпорацын боловсролын салбар дахь үйл ажиллагааг хариуцдаг аж. Чэний компани Европын тэргүүлэх их сургуулиудын элсэлтэд сурагч, оюутнуудыг бэлтгэх сургалт, хичээл явуулдаг байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг