МОСКВА. /TASS/. Хонконгийн цагдаа нар Хууль тогтоох зөвлөлийн ордныг хяналтдаа авч, уг ордонд дайран орсон жагсагчдыг шахан гаргасан тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, одоо парламентын ордон болон ордны эргэн тойрны гудамжуудыг жагсагчдаас чөлөөлсөн бөгөөд зөвхөн цагдаа нар, хэдэн сэтгүүлч байгаа аж. Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлснээр, жагсагчид хотын төвийн дүүргийг орхицгоосон байна.

Эх газрын Хятадад сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсагчид Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойн өдөр буюу долдугаар сарын 1-ний даваа гарагт дахин жагссан юм.

Жагсагчид даваа гарагийн үдээс хойш хэдэн цагийн турш дайрсны эцэст Адмиралти дүүрэг дэх Хууль тогтоох зөвлөлийн ордон руу дайран орсон байна. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцогчдыг тараахын тулд Хонконгийн цагдаа  нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Хонконгийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах үүднээс засгийн газрын цогцолборыг мягмар гарагт хаахаа мэдэгдсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг