БНАСАУ 2017 оны есдүгээр сарын 15-нд цөмийн бөмбөгийн зургаа дахь туршилт хийж, хөөргөсөн бөмбөг нь Хоккайдогоос зүүн тийш, Номхон далай руу 2000 километрийн цаана унасан. Тэд үүнээс өмнө цөмийн пуужингийн зургаа дахь туршилтыг хийж бүс нутгийн харилцааг хурцадмал болгосон. Харин одоо улам гаарч АНУ, Японы санаачлагаар НҮБ нэмэлт хориг тавилаа. Хойд Солонгосчууд асахад бэлэн цог руу тос хийсэн нь үүнээс илт.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын дуулиан тарьсан жуулчны хоригт Хойд Солонгос, Венесуэл болон Чадын иргэдийг хамруулахаар хэлэлцэж байна. Мөн тус улсын зүүн эргийг тоссон далай дээгүүр АНУ-ын сөнөөгч онгоц ниссэн гэж Америкийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн. Эл үйлдэл айлгах, хүч чадлаа харуулах зорилготой байсан юм. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт өнгөрсөн бямба гарагт “Нисэх хүчний B-1B Lancer бөмбөгдөгч Гуамаас хөдөлж, Японы Окинавагаас хөөрсөн F-15C Eagle сөнөөгч онгоцтой нэгдэж, олон улсын агаарын зайд ниссэн” гэжээ. 

XXI зуун гарснаас хойш Америкийн сөнөөгч онгоц ийм хол зам туулаагүй аж. Хатагтай Уайт Америкийн хийсэн алхам шийдэмгий занг нь харуулж, өрсөлдөгчөө дарж, аюул заналхийлэлд хариу өгөх олон арга зам байгааг харуулсныг хэлсэн. 

Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний албанаас АНУ дипломат арга бүтэлгүйтвэл цэргийн хүчээр асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг удаа дараа хэлсээр буй. Энэ сарын эхээр хийсэн цөмийн бөмбөгийн туршилттай холбоотойгоор Хойд Солонгосын эсрэг хэд хэдэн нэмэлт хориг тавьсан юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос Ким Жон Уны бодлогыг баримталбал удаан төвөг удахгүй гэлээ. Тэрбээр твиттер хуудастаа “Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо хэрэв Бяцхан пуужингийн залуугийн бодлогыг дэмжсээр байвал ирээдүйгүй шүү” хэмээсэн байна. Ноён Ли НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлын үеэр Дональд Трамп удирдагчийг нь “Пуужинчин залуу” хэмээж Хойд Солонгосын нэр хүндийг гутаасан хэмээн шүүмжилсний дараахан ийнхүү жиргэжээ.

Хоёр орны үгэн дайн эрчээ авсаар буй. Өнгөрсөн баасан гарагт ноён Ким Америкийн эсрэг түүхэнд байгаагүй хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Дашрамд, Гадаад хэргийн сайд Номхойн далайд устөрөгчийн бөмбөгийн туршилт хийж магадгүй гэсэн байна. 

Хойд Солонгосын цөмийн бөмбөг туршилт ганц улс орнуудад хүндрэл учруулж байгаа юм биш. Өнгөрсөн даваа гарагт бөмбөг туршдаг бүсийн ойролцоо хоёр чичиргээ мэдрэгдсэн гэж БНСУ-ын цаг уурын агентлаг дамжууллаа. Үүний шалтгаан нь энэ сарын эхээр хийсэн цөмийн бөмбөгийн туршилт гэж эрдэмтэд үзжээ. Японы шинжээчид ч ижил мэдэгдэл хийж “Ойролцоогоор 2.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон” хэмээлээ.

Газар хөдлөлтийн төв Хойд Солонгосын зүүн хойд нутагт байрлах цөмийн бөмбөгийн туршилтын бүс Пунгё-Ригээс зургаан километрийн зайд байжээ. Харин гүн нь хоёр километр орчим байсан. 

Цаг уурчид дээрх хоёр чичирхийлэл цөмийн бөмбөгийн туршилтаас үүдсэн байгалийн “хямрал” хэмээн үзэж буй. Эрдэмтдийн таамаглал зөв бол ирэх долоо хоногуудад газар хөдлөлт дахин болох ажээ.