БНАСАУ цөмийн пуужингийн туршилт хийсэн явдалд АНУ болон Япон улс хариу болгож, тус улсын эсрэг хориг тавихыг НҮБ-аас хүссэн юм. Тэгвэл Пхеньян өчигдөр буюу энэ сарын 7-нд Япон, Америк хоёрт зориулж заналхийлсэн мэдэгдэл хийжээ. 

Өнгөрсөн ням гарагт хийсэн цөмийн пуужингийн зургаа дахь туршилт бол стратегийн зориулалттай цөмийн хүч байгуулах Солонгосын хөдөлмөрийн намын зорилтод суурилсан гэв. Түүнчлэн АНУ устөрөгчийн бөмбөгийн туршилын утга, сануулгыг зөв дүгнэж чадалгүй, шахалт үзүүлсээр байвал дааж давшгүй хариу өгөх болно хэмээлээ. 

Хойд Солонгосын үндэсний телевизээр Япон улс Америкийн гар, хөл болохоо болих хэрэгтэй. Хориг тавих асуудалд Япон оролцож байгаа гэмт хэргээ зогсоохыг бид хүлээж байна гэсэн аж. 

БНАСАУ байгуулагдсаны ойн баяр ирэх бямба гарагт тохиох юм. Ажиглагчид Пхеньяныг баяраа өнөөдөр тэмдэглэж, энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг байр сууриа илэрхийлнэ хэмээн таамаглаж буй.

Өнгөрсөн онд тус улс ойн баяраа 8-нд тэмдэглэж, маргааш нь цөмийн пуужингийн тав дахь туршилтаа хийсэн юм.