Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ХОГ, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭНЭ ОНЫ ЭЦСЭЭР ДУУСГАВАР БОЛНО

"Есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх онд тусгагдсан төсөв болон дагалдах хуулиудын төслийг өргөн мэдүүлдэг. Иймд, өнөөдөр 2022 оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг өргөн барилаа.

Мөн Авилгын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа тоон мэдээллийг танилцууллаа. 

Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. 

2021 оны сүүлийн хагас, 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөллөөр төсвөө тодорхойллоо. Төсвийн хүрээнд цаашд үргэлжлүүлэх гол төслийн ажлууд ковидын дараах эдийн засгийг сэргэлтийг эрчимжүүлэх, эдийн засгаа сэргээх бодлогууд руу чиглэж ажиллана. 

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардалд шинэчлэлт хийх зэрэг бодлогын шинэчлэлийг дэвшүүлсэн. 

"Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал ирэх дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь байх болно"

Ирэх онд хаана хөрөнгө оруулалтын орон зай байна, тэнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн бодлого явуулна.

Өнөөдөр 198 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхтгохоор төлөвлөж байна.

Ирэх онд зэс, нүүрс, алт, хүдрийн үнэ өндөр байх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. 

Хог, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт энэ оны сүүлээр дуусгавар болж энгийн тарифт бүрэн шилжинэ. Сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно. 

Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу КОВИД-19-ийн өмнөх төвшинд буулгаж олгоно. Хүүхдийн мөнгийг олгох хэд хэдэн хувилбар, нөөц боломж бий. Жишээлбэл, ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй уялдуулах буюу хүүхдүүд мөнгөө хуримтлуулах боломжоор хангах явдал юм. Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо ирэх оны төсөв дээр үргэлжлүүлнэ" гэв. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД: ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН 60 ХУВИЙГ ДАРХЛАА СЭРГЭЭХ ГУРАВДУГААР ТУНД ХАМРУУЛНА

"Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 10 хүн нас барж, нас барсан тохиолдол 1114 боллоо. Ковидын халдвартай 20702 хүн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн 62 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. 

Эдгээр өвчтөний 62,7 хувь нь хөнгөн, 27,6 хувь нь хүндэвтэр, 8,1 хувь нь хүнд, 1,5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байна. Улсын хэмжээнд дархлаажуулалт 65 хувьд хүрсэн. 

Гурав дугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцинжуулалтын цэгийг нэмэгдүүлэх нь зүйтэй. 

Зургадугаар сарын давлагааны үеэр эмнэлэгт 14 мянга, гэрээр 30 мянга орчим иргэн эмчлүүлж байсан бол энэ удаа эмнэлэгт 20 мянган ор дэлгэсэн. Эрэмбэлэлтийг хийхээр эрүүл мэндийн салбар дээд цэгтээ тултал ажиллаж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагууд эрэмбэлэлтийг маш сайн хийж байгаа.

Гэсэн хэдий ч эмнэлгийн ор дүүрч байна. Хүнд оноштой иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгсөн. Ковид-19 халдвараар өвчилсөн нь батлагдсан нэг өвчтөний эмчилгээнд 160 мянган төгрөг баталсан.

Долдугаар сараас энэ тариф мөрдөгдөж эхэлсэн. Шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дээрээ очиж түргэвчилсэн шинжилгээ өгнө. Шинжилгээний хариунаас гадна хэд, хэдэн шинж тэмдгээр халдвар авсныг оношилно" гэв.

Мөн дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ:

  • Авилгын индексийг бууруулах зорилготой Ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгчээ.
  • Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
  • Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
  • Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах
  • Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлэх,
  • Орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих хүрээнд орон нутгийн их сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэх
  • Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх
  • Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх
  • Багш нарын орон сууц, оюутны байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрны урсгал засварын хөрөнгө оруулалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
  • Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулав
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, шинээр байгуулж буй Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.