УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг сонгохоор тогтжээ. 

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус чуулганы хуралдаанд танилцуулав.  

Байнгын хороод 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцсэн байна. 

Ингээд Хууль зүйн байнгын хорооны  даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, дээрх гишүүдийг байнгын хорооны даргаар томиллоо.