Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй.

Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төв талбайд очиж, түүнтэй уулзлаа. 

Сайд Х.Нямбаатар “Та эрүүл мэндээ бодох ёстой. У. Хүрэлсүхийн Засгийн газар Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай ажлын хэсгийг хуралдуулж тодорхой үр дүнд хүрсэн. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 18-ны өдөр У.Хүрэлсүхийн захирамжаар ажлын хэсэг бүрдүүлж "Рио Тинто"-той хэлэлцээр хийж Дубайн гэрээг цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах биш бүр мөсөн өөрчлөх гэсэн шаардлагуудыг тавьсан. 

Мөн энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, Монголын Засгийн газраас тавьж буй дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг бүрэн цуцлах дараагийн шатны арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн. Дубайн болон 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас У.Хүрэлсүхийн Засгийн газар шат дараатай ажлуудыг эхлүүлсэн. Шинээр бүрэлдэх Засгийн газар энэ ажлыг үргэлжлүүлнэ" хэмээлээ.

Мөн Оюутолгойн гэрээг ард иргэдэд ашигтай, үр өгөөжтэй байх тал дээр С.Ганбаатартай хамтарч ажиллахыг хүсэж байгаагаа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх дамжуулсан аж. Харин Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнэ нь албан ёсоор сонгогдоогүй байгаа тул С.Ганбаатар гишүүнтэй ирж уулзах зохимжгүй байгаа хэдий ч үзэл бодол ижил байгаа гэдгээ илэрхийлсэн гэдгийг сайд Х.Нямбаатар уламжиллаа.