УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж буй жагсаал үргэлжилж байна. Жагсагчид М.Энхболдыг огцрохыг шаардан уухай хашхирч байна.

25 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан шаардах бичгийг УИХ-ын даргад өгөхөөр жагсаалыг санаачилсан УИХ-ын гишүүд Төрийн ордонд орсон ч УИХ-ын дарга өрөөндөө байгаагүй юм. Тиймээс уг шаардах бичгийг УИХ-ын Тамгын газарт өгсөн.

Яг одоо жагсагчид Төрийн ордныг тойрон "М.Энхболд огцор" хэмээн дуу нэгтгэн хашхирч байна.

Тус жагсаалтай холбоотойгоор жагсаал санаачлагч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Идэр есийн жавар тачигнансан энэ өдөр Монголчуудыг 25 мянгуулаа жагсана гэж тэд итгээгүй, тэд төсөөлөөгүй. Монголчууд нэгдэн нийлж жагсаж тэмцэж чаддаг гэдгээ дахин харууллаа. Энэ өдөр дараачийн 25 жилийн Монголын хөгжлийг эхлүүлэх өдөр боллоо. Монголчууд сэрж байна, нэгдэж байна, тэмцэж байна. "МАНАН" дэглэмийг нурааж дуустал энэ тэмцэл үргэлжлэх болно" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тус эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж буй иргэн цөөнгүй байгаа ч зарим нь "МАН-ын 2 бүлэг нэг нэгнийхээ эсрэг хийж буй бүлгийн тэмцэл учир иргэд очих нь дэмий зүйл" гэдэг байр сууриа цахимаар илэрхийлж байна.