УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Хариуцлага, хяналт тэнцэл, тогтвортой байдал гэсэн үндсэн гурван зорилгын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж байгаа. Хоёрдугаар хэлэлгээр босго давсан зөв зүйтэй, улс орны хөгжлийг түргэсгэх, төрийн тогтвортой байдлыг хангах олон зөв зохицуулалт батлагдах босгон дээр ирээд байна. 

Тухайлбал, баялгийн тэгш хуваарилалт, түүний үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртээх, Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгох, Парламент нь парламентынхаа, Засгийн газар нь Засгийн газрынхаа, шүүх эрх мэдлийн байгууллага нь улс төрөөс хараат бус байх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуулиар хазгаарлах, орон нутгийн бие даасан байдлыг хангах гэх зэрэг олон дэвшилтэт зохицуулалт орж ирж буйд баяртай байна. 

Би хоёр зүйлд их харамсаж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг ард нийтийн санал асуулгаар явуулна гэсэн амлалтыг бид өгсөн. Хоёрдугаар хэлэлцүүлгээр тогтоолыг баталсан. Харамсалтай нь хориг тавигдаж, энэ зам хаагдсан. Дэвшилттэй, хөгжилд чөдөр болж буй асуудлуудыг шийдэж буй олон зохицуулалт байгаа учраас гуравдугаар хэлэлцүүлгээр батлахыг дэмжиж байгаа.

Харамсаж буй хоёр дахь зүйл нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Парламентаас сонгох, Парламентын засаглалыг төгс төгөлдөр болгох санал минь хоёрдугаар хэлэлцүүлэг дээр унасан. Цаашид энэ асуудал бидний шийдэх асуудал болж үлдэнэ. 

Хөгжсөн улсуудын засаглалын хэлбэр маш тодорхой. Сонгодог парламентын засаглалтай улс орнууд өнөөдөр хөгжсөн улс орнуудыг тэргүүлж байна. Хоёр орны дунд байдаг манайх шиг улсын хувьд Засаглалын хэлбэрээ цаашид хэрхэх вэ гэдэг асуудал бидний өмнө асуулт болж үлдэж байгааг Үндсэн хууль хэлэлцэж буй энэ цаг үед хэлмээр байна" хэмээлээ.