Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд тус хэлэлцүүлгийг удирдан явуулж буй УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 9 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүчирхийлэлд өртөж амиа алдсан бяцхан охины гэгээн дурсгалд бүгд босож хүндэтгэл үзүүлэхийг хүсье" хэмээв. Оролцогчид босож хүндэтгэл үзүүлсний дараа тэрээр "Энэ хэрэгт төр, төрийн албан хаагчид буруутай гэж би үзэж байна" хэмээгээд тус хэрэгтэй холбоотой ямар ажил хийж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулав.

Сайд Х.Нямбаатар "Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд надад тодорхой үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, Энэ хэргийн явцыг танилцуулах, ажлын хэсэг гаргаж энэ хэрэг гарах болсон нөхцөл байдлыг шалгах үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, тус хэрэг гарахад төрийн байгууллагын албан хаагчид албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандсан зүйлийг шалгаж, тодруул гэсэн. 

Би өчигдөр ЦЕГ-ын даргад үүрэг болгож, ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болдын шийдвэрээр тус хэрэгт хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Сургууль, хорооны нийгмийн ажилтан, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн ажилтан, хорооны засаг дарга, хэсгийн байцаагч, цагдаагийн хэсгийн хүүхдийн байцаагч нарын тус хэрэгт хандсан хандлагыг шалган тодруулж, эргэн мэдээллэх болно" хэмээлээ.

Мөн тэрээр "Тус хүүхэд оон дахин хүчирхийлэлп өртөж байсан гэсэн мэдээлэл бий. Хоёр сарын өмнө гэхэд л  хавирга нь хугараад бороолж эдгэрсэн байна. Энэ хүүхдийг, ээжийг нь зодож занчдаг байсан гэдгийн өмнө нь нийтийн байранд хамт амьдарч байсан хүмүүс одоо хэлдэг. Энэ хүмүүс тухай бүрт нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, шалгуулж байсан бол ийм зүйл болох байсан уу үгүй гэдэг асуудал байна. Иймд цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга барилаа өөрчлөх шаардлагатай. Хоёрдугаарт үүнд зарцуулах зардлыг аймаг, нийслэлд төвлөрүүлэх нь зөв үү, хороо хэсэг тус бүрт нь хуваарилах уу зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Ажлын хэсгийн шалгалтын дүнг эргэн олон нийтэд мэдээлнэ" гэв.


Хэлэлцүүлэг үргэлжилж байна.