Нийслэлийн газрын албанаас нийтийн  эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хашлага зэргийг иргэдийн гомдлын дагуу буулгаж байгаа билээ.

Ингэхдээ эхлээд тухайн байгууллагад албан бичиг хүргүүлж буй. Сүүлд Нийслэлийн газрын албанаас Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдэл хүргүүлжээ. 

Мэдэгдэлд:

"Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Занабазарын музейн баруун талд байршуулан 2950 м2 газрыг танай компанид үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Гэвч танай компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байх тул 2018 оны аравдугаар сарын 18-ы өдрийн дотор зөрчлөө арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгдье" гэжээ.