ШИНЭ нам болон Хилийн чинад дахь Монголчуудын зөвлөл, Гадаадад суугаа Монголчуудын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, "Цахим өртөө" ТББ-аас УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүллээ.

Хүсэлтэд Сонгуулийн тухай хуульд “60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргах бөгөөд тус мэдээлэлд үндэслэн гадаадад байгаа сонгуулийн насны иргэдийг сонгуульд оролцуулахгүй байхаар зохицуулсан нь иргэдийнхээ сонгох үндсэн эрхийг ноцтой зөрчсөн явдал мөн гэж үзэж байна" гэжээ.

Хүсэлтийг бүрэн эхээр нь нь хүргэж байна.


Хориг тавиулах тухай

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүрэн хүлээн зөвшөөрч, улмаар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай” олон улсын Пакт зэрэг хүний эрхийн талаарх НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын олон улсын 30 гаруй гэрээнд нэгдэн орж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үйлсэд зохих амжилт олсоор ирэв. 

1992 оны Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш эрх зүйн этгээд байх, үндэс, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, хүний салшгүй эрхүүдийг баталаажуулсан юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэн шууд болон төлөөллий нбайгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад эрх, эрх чөлөөг Олон Улсын хүний эрхийн Биллд нийцүүлэн тунхагласан билээ. 

Үндсэн Хуульд заасан ёсоор төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг хангах, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байдаг. Улсын Их Хурал энэ үүргээ хэрэгжүүлэхийн оронд гадаадад байгаа иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн хууль баталлаа. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн 2.2 дугаар зүйлийн 2.2.1.5-д “Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрсийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авна” хэмээн тусгаж баталсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөрМонголУлсынИхХурлыннамрынээлжитчуулганаарбаталсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын нэр бүхий гишүүд энэхүү ноцтой зөрчлийг санаатайгаар үйлдэн, гадаадад суугаа иргэдийнхээ дуу хоолойг боомилсон хууль баталлаа. Өмнөх нийгмийн байгууллагын гажуудал, хоцрогдлоос үүдсэн хямралт байдлаас гадна ядуурал, ажилгүйдэл, төр, засгийн алдаатай бодлого, шийдвэр зэргээс шалтгаалан Монгол Улсын иргэд үй олноороо гадаад улсад очиж ажиллаж, суралцах болсон бөгөөд өнөөдөр хилийн чандад амьдарч байгаа иргэд хүн амын 10 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийнхээ Сонгох эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл нь дээр дурдсан зарчмуудтай нийцэхгүй байна.

Түүнчлэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй” хэмээн тусгасан байна. Харамсалтай нь, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.3-т “60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргах бөгөөд тус мэдээлэлд үндэслэн гадаадад байгаа сонгуулийн насны иргэдийг сонгуульд оролцуулахгүй байхаар зохицуулсан. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн .... 20.6.8-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй” гэж тусгасан байна. Энэ нь гадаад улсад оршин суугаа иргэдийнхээ сонгох үндсэн эрхийг ноцтой зөрчсөн явдал мөн гэж үзэж байна

Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд нь монгол улсын хөгжил, хүн ардын ахуй амьдралд бодитой хувь нэмэр оруулж байгааг хэн ч үгүйсгэхгүй бөгөөд тэдгээр хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэж, үзэл бодолоо илэрхийлэн, эх орныхоо, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ төлөө улс төрийн сонгуульд саналаа өгч Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ нээлттэй илэрхийлж байна. 

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн З-т “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилцөлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дараах саналыг хүргүүлж байна. Үүнд,Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар бүлгийн 8-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина” гэж заасан байдаг. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийн насны хүмүүсийн арван хувийг эзэлж буй, гадаад улсад суугаа иргэдийнхээ сонгуульд оролцох, сонгох эрхийг нь хуулиар баталгаажуулж, ашиг сонирхлыг нь хангаж өгөх үүднээс Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд хуульд хэсэгчилсэн хориг тавьж өгнө үү. 

Ерөнхийлөгч та Монгол Улсын үндэсний эв нэгдлийг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн хэсэг бүлэг хүмүүс, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гадаад орнуудад ажиллаж, суралцаж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа, шударга иргэдийнхээ сонгуульд оролцож, саналаа өгөх эрхийг хуульд тусгуулах асуудлыг анхааралдаа авч, эрх барьж буй намтай зөвшилцөн, иргэдийнхээ эрхийг тууштай хамгаална гэдэгт итгэж байна. 


Хүндэтгэсэн, 

“Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ

“Цахим Өртөө холбоо” ТББ

Гадаадад төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл

Монголын Эмэгтэйчүүдийн холбоо