Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын "Могойн гол"-ын нүүрсний уурхайгаас Эрдэнэт рүү их хэмжээгээр нүүрс тээвэрлэлт хийж Улсын чанартай хатуу хучилттай авто замыг эвдэж сүйтгэхээс гадна шороон замаар нүүрс тээврийн машин жим үүсэн бэлчээр талхалж байсан билээ.

Уг асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гаран ажиллаж санал дүгнэлт гаргасны дагуу дараах 5-н арга хэмжээг холбогдох газруудтай нь хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт 2-с доошгүй нүүрсний уурхай бий болж байгаа тул эхний ээлжинд тээвэрлэлтийн нөхцөлийг шийдвэрлэх;


2. “Могойн гол" ХК нь бага хэмжээний нүүрс олборлон борлуулах замаар орлого олж, үйл ажиллагаагаа явуулдаг, тээвэрлэлтийг нүүрс худалдан авагчийн асуудал мэтээр хандаж байгаагаас байгаль орчин, орон нутгийн иргэдийн амьдрах орчин, Орхон аймгаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлийн улсын чанартай авто зам, гүүрэн байгууламжид эвдрэл гарч сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн тул шуурхай арга хэмжээ авах;


3. Тээвэрлэлтийн чиглэл батлуулах, стандартыг мөрдөх талаар мэргэжлийн байгууллагуудын хүргүүлсэн санал дүгнэлтийг үл тоомсорлож байгаа “Могойн гол” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, аймгийн болон уурхайн зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох;


4. Авто зам, тээвэрлэлтийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хүртэл могойн голын уурхайг ашиглах эсэх талаар холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулах, зайлшгүй ашиглах шаардлагатай тохиолдолд нүүрсийг зөвхөн Хөвсгөл, Завхан аймгийн зарим сумын хэрэгцээнд ашиглах, тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхдээ холбогдох стандартыг мөрдөж ажиллах;


5. Могойн голын уурхай олборлосон нүүрсээ пүүлж ачилт хийдэг мөртлөө стандарт зөрчиж даац хэтрүүлэн ачилт хийснээс улсын чанартай авто зам, Мөрөн сумын Дэлгэрмөрөнгийн Хилэнтийн төмөр бетон гүүрэнд гарсан эвдрэлийг засахад шаардагдах хөрөнгийг "Могойн гол” ХК-иас гаргуулах