Хэрэв Америк-Мексикийн хил дээр хана барихад зарцуулах 5 тэрбум ам.доллар гаргуулах саналаас нь АНУ-ын Конгресс татгалзвал нөөц хувилбарыг судалж боловсруулна гэж Дональд Трамп “The Washington Post” сонинд мягмар гарагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 

“Хана барихад бидэнд Ардчилсан намынхны санал зайлшгүй шаардлагатай. Хэрэв одоо бид тэдний саналыг авч чадахгүй бол би үүнийг өөр аргаар хийх болно. Миний хийж чадах өөр хувилбарууд ч бас бий” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Тухайлбал, тэрбээр өргөст төмөр утас бүхий олон км-ийн урт хашаа босгосон Америк-Мексикийн хил рүү 5800 цэрэг илгээснийг жишээ болгон татсан байна. “Бидэнд хана маш их хэрэгтэй байна. Үүнийг сүүлийн хоёр долоо хоногт урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр харуулсан байх гэж бодож байна. Ардчилсан намынхан ч ямар нэг зүйл хийхийг хүсч байгааг харж байна. Учир нь тэд ч гэсэн ойлгож байгаа” гэж Трамп хэлсэн байна. 

Энэ сарын 25-нд Мексикийн Тихуана хотод ирсэн Төв Америкийн орнуудын иргэд болох 500 орчим цагаач АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг оролдсон юм. Америкийн цэргүүд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Энэ явдлын дараа Мексикийн эрх баригчид хилийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, эмх замбараагүй байдал үүсгэж, оролцсон цагаачдыг албадан нутаг буцаана гэж мэдэгджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS