Бойкотлох гэж юу вэ? Энэ бол  буруу үлгэр дуурайлал үзүүлсэн олны танил хүмүүсээс тухайн хамтран ажиллагч байгууллагууд нь гэрээгээ цуцлах, телевизийн ямар нэгэн нэвтрүүлэгт оролцох эрхийг нь хасаж буй эсэргүүцлийн хэлбэр юм.

Цаашлаад гаргасан цомог, тоглосон сурталчилгааных нь бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхаас эхлээд санхүүгийн олон саадтай тулгардаг. 

Хэрвээ цагдаагийн байгууллага шалгаж үзээд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзвэл торгуулиас, ял шийтгэл ногдуулах хүртэл арга хэмжээ авдаг 

Гэтэл манай нийгэмд хүчирхийллийн золиос болсон хохирогчийг буруутгаж, эрхээ хамгаалсан хүүхдийг ёс бус үгээр хэлэх үзэгдэл одоог болтол байсаар байна. Иймээс Өмнөд Солонгос хэрхэн олны танил хүмүүсийг бойкотлодог талаар бэлтгэлээ.

Олны танил хүмүүсийг хэрэглэгч, үзэгчид од болгодог бас үүн шигээ эргээд унагаах хүч нь ч тэдэнд бий. Тиймээс хэрэв та нэгэнт нийгмийн нөлөө бүхий хүн болсон бол хүссэн ч эс хүссэн ч олны овоо хараанд орсон гэсэн үг. Тэгэхээр “Таалагдахгүй бол намайг үзэхгүй, сонсохгүй байж болно. Би хүссэнээ хийнэ” гэж хэлэх нь зохимжгүй бөгөөд ёс суртахуунгүй үйлдэл юм. 

Кэйс 1: Киноны зураг авалтын 90 хувь нь хэдийн хийгдсэн ч түүний оронд өөр жүжигчин сонгожээ


"Кеy East" энтертайнментийн жүжигчин Ким Жи Сү нь Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт “сэконд лийд буюу хоёрдогч гол дүрийг” тун чадварлаг бүтээдэг гэдгээрээ олонд танигдсан. Гэвч өнгөрөгч гуравдугаар сард түүнд ахлах сургуульд байхдаа дээрэлхүүлсэн гэх хүний захиа олон нийтэд ил болж шуугиан дэгдээсэн. Ингээд ч зогсохгүй түүний хүчирхийлэлд биемахбод болон сэтгэл зүйгээрээ өртсөн хүмүүс ар араасаа гарч ирсэн юм. Мөн хийсэн хэргүүдийг нь батлах гэрчүүд нэмэгдэв. Түүний нууц илчлэгдсэний дараа жүжигчин Ким Жи Сү багадаа хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж инстаграм хуудсаараа дамжуулан уучлал хүссэн захиа нийтэлсэн юм.

Гэсэн хэдий ч тусыг олсонгүйгээр үл барам түүний карьер нуран унасан.

Хэрэг гарахын өмнөхөн тэрбээр “River Where The Moon Rises” киноны гол дүрээр сонгогдон тоглож байсан юм. Киноны зураг авалтын 90 хувь нь хэдийн хийгдсэн ч кино багийнхан Жи Сүг гол дүрээс хасаж, түүний оронд өөр жүжигчин сонгож зураг авалтыг шинээр хийж эхлүүлжээ.


Кэйс 2: Үнэн ил болж, бүх үйл ажиллагаа нь нуран унасан хамтлаг


2015 онд дэбьют хийсэн April хамтлагийн гишүүд хамтлагийнхаа хуучин гишүүнийг дээрэлхдэг байсан нь нийтэд ил болсон. Энэ хэргийг хамтлагийн хуучин гишүүн И Хён Жүгийн дүү инстаграмдаа пост бичиж оруулснаар олныг цочроосон юм. Хэсгээс нь дурдвал: "...Эгч жүжиглэхийг хүсэж байгаа тул хамтлагаасаа гарч байна гэж нийтэд мэдэгдсэн ч тэр нь бодит үнэн биш. Хамтлагийн гишүүд нь эгчийг минь дээрэлхэж, дарамталж байсан. Тэр олон хэцүү зүйлсийг туулж сэтгэл зүйн эмгэгтэй болж, эцэст нь амиа хорлох оролдлого хүртэл хийсэн" гэжээ. 

Энэ явдлын дараа үүнийг нь гэрчлэх хүмүүс гарч ирсэн нь нийгмийг бүр ч ихээр цочроосон. 

Ингээд April хамтлагийг бойкотлох ажил эхэлсэн. Тухайлбал хөгжмийн нэвтрүүлэг, телевизийн шоу, зар сурталчилгаанд тоглох зэрэг бүх үйл ажиллагаа нь цуцлагдсан. Энэ үед хамтлагийн дуучин Наын  SBS телевизийн "Taxi Driver" цувралын гол дүрд тоглож байсан юм. Гэвч кино багийнхан түүний тоглосон бүх хэсгийг хасаж, зураг авалтыг шинээр эхлүүлсэн. 

Уг цувралын зураг авалт 60 хувьтай явж байжээ.


Кэйс 3: УУЧЛАЛ ГУЙГААД ч НЭМЭРГҮЙ


Жүжигчин Шим Ин Ү нь сурагч байхдаа хүчирхийлэл үйлдсэн тухай яриа хэвлэлээр багагүй яригдсан. Тэрбээр энэ үйлдлээ бараг сар хагасын дараа л хүлээн зөвшөөрсөн юм. Инстаграм хуудастаа “Өмнө нь миний хийсэн болгоомжгүй үйлдлээс болоод сэтгэлийн гүн шарх авсан найзаасаа уучлалт хүсье. Сурагч байхдаа юу ч бодолгүй хэлсэн үгс, хийсэн үйлдэл минь хэн нэгэнд удаан хугацааны сэтгэлийн шарх үүсгэснийг ойлголоо. Одооноос хэн нэгний сэтгэл шархлуулах зүйлийг хийхгүй байхын тулд цаашид илүү их хичээх болно. Та бүхний санааг зовоосонд уучлаарай” гэжээ. 

Тэр уучлал хүссэн. Гэхдээ хүчирхийллийн үйлдэл гэдэг уучлал хүсээд дуусдаг зүйл биш билээ. Одоогоор түүнтэй хамран ажиллаж байсан хэд хэдэн компани гэрээгээ цуцлаад байна. Нэгэнт нэр хүнд нь унасан тул цаашид урлагийн замнал нь бараг тодорхой болсон гэсэн үг.


кэйс 4: буруу үйлдэл хэзээ ч мартагдахгүй


Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгдсөн юм. Өдгөө 24 настай ихэр тамирчид алдар хүндийнхээ ид үед явсан ч ийнхүү карьер нь нуран унажээ. 

Өмнөд Солонгосын волейболын холбооноос уг хэргийн улмаас мэдэгдэл гаргаж, ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэсний лигт оролцох багийн бүрэлдэхүүнд багтаахгүй гэдгийг мэдэгдсэн билээ.

Ихэр тамирчид инстаграм хуудсаараа дамжуулан “Хамтдаа хөлс хүчээ урсган тоглож байсан найзууддаа бараан дурсамж үлдээж хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье. Хэлсэн муухай үгс, буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвших болно” гэжээ. 


Кэйс 5: Ёс зүйн алдаанаасаа болж тамирчны замналаа орхисон нь


Солонгосын олон нийтэд дахин том шуугиан дэгдээсэн хэрэг бол өдгөө 34 настай волейболын тамирчин Пак Сан Хагийн үйлдсэн хүчирхийллийн тухай мэдээ байсан юм.

Энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Samsung Fire & Marine Insurance Bluefangs” багийн зүгээс мэдэгдэл хийж, Пак Сан Хаг зодог тайлж буйг зарласан. Дунд сургуульд байхдаа найзуудаа дээрэлхэж, ахлах сургуулийн нэг багийн найзаа зодсон хэрэг сөхөгдсөнөөс энэ бүхэн үүджээ. 

Энэ явдлын дараа хохирогчдоос уучлалт гуйж болсон хэрэг явдлынхаа төлөө хариуцлага хүлээж, волейболын спортоос зодог тайлсан юм.

Дээрх бүх жишээнээс харахад алдартнууд бүгд хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж, уучлал хүссэн захиа бичин, олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Мэдээж тэдний алдар нэр буцаад сэргэхгүй ч, уучлал хүсэж байгаа нь ёс суртахууны хариуцлага хүлээж буй ухамсарт үйлдэл юм. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгосын иргэд буруу, бусармаг үйлдэлд бойкотыг хэрхэн хүчтэй бас нөлөөтэй хийж чаддагийн тод жишээ  харагдана.