ХЭҮК-ын гишүүд, Эрүү шүүлтийн эсрэг гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2020 оны 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцүүлэв. 

Анхны гэмээр сайн туршлага болсон сонгон шалгаруулалтын нээлттэй сонсголд ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч 15 хүнээс гадна эрүү шүүлтийн асуудал хариуцсан 1 гишүүний орон тоонд 4 хүн нэр дэвшсэнээс нэг нэр дэвшигч орон нутагт томилолтоор явсан тул оролцсонгүй. Нэр дэвшигч Ш.Цогбаатар, П.Оюунчимэг, Ц.Цэнд-Аюуш нарын танилцуулгыг сонсож асуултад хариу авахад сонирхолтой дүр зураг харагдана. Ш.Цогбаатар нь Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа, тун удахгүй тэтгэвэртээ суух болсон нэгэн. Польш улсад хар тамхи зөөвөрлөсөн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх таагүй ярианд нэр холбогдож байсан. Энэ мэт маапаантай асуултуудыг сонсголд оролцогчид, Ажлын хэсгийн зүгээс тавьсан юм. Үүнээс үзэхэд мань эрийн эрүү шүүлтийн гишүүн болох ч талаар өнгөрөх шиг болов. Тэгээд ч хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүд мэдээж эрүү шүүлт хамгийн их үйлдэгддэг гэгдэх цагдаа, мөрдөн байцаах албанд хүчин зүтгэж байсан хүнийг оруулахгүй биз ээ. Хэрэв хүчний байгууллагаас төлөөлөл оруулж ирвэл ёстой л чононд хонио хадгалуулахын үлгэр болж таарна.

Нэр дэвшигч Сартуул овгийн Дагвын Цэнд-Аюуш нь хуульч мэргэжилтэй, прокуророос ажлын гараагаа эхэлжээ. Сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагад ажилласан өмгөөлөгч хүн юм. Нөгөө алдарт 7-р сарын нэгний үйл явдлын үеэр хүмүүст өмгөөлөл үзүүлсэн гэдгийг эс тооцвол түүнд онцлох зүйл тааруухан. Асуултад хариулж байгаагаас үзвэл өмгөөлөл туслалцаа л үзүүлэхээс биш, хянаж шалгадаг туршлага бага, сүүлийн 7 жил ТББ-д ажилласан, боловсрол, туршлагаар нимгэн санагдав. Үүнэс үзвэл “Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн дүү” гэсэн хэлц үг батлагдаж мэдэх юм. 

Хамгийн их дуулиан шуугиантайгаар нэр дэвшиж байгаа хүн бол ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг. Хууль зүйн ухааны доктор, хуульч эрхзүйч мэргэжилтэй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшсэн 4 хүнээс илт давуу ажлын туршлага, түүх намтраараа ялгарна. 

Миний мэдэхээр эрүү шүүлт хийхээр 400 ширхэг сандал аймгуудад тараагдсан байсныг илрүүлж байсан нэгэн. Тухайн үед сумын төвүүдэд шонгийн модноос эрүүлжүүлэхээ ажиллуулдаг, бөөс хуурсандаа баригдсан хоригдлуудад авралын элч, домог болон яригдахдаа хүрсэн нэгэн юм байна лээ. Ямартаа л шоронгоос суллагдсан өдрөө Оюунчимэгийг зорин очиж, толгой хоргодох гэр, ажил сурагладаг гэдэг. Хэнтэй ч нялцагнахгүй, түс тас, дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрдөггүй нь дайсантай болгосон ч байж мэднэ.

“ХЭҮК-т өөрийнх нь дор ажиллаж байсан түр ажилтан С.Будрагчаагийн удаа дараагийн дайралтад өртөж, хүний эрхийн хамгаалагчийн ажил үүрэг, аюулгүй байдал Монголд хангалтгүй байгааг өөрийн биеэр мэдэрч байна”гэж нээлттэй сонгон шалгаруулалтын үеэр түс тас хэлнэ лээ. Өөрийнх нь нэр төрд халдаж удаа дараа гүтгэлэг бүхий бичлэг тараасан, хэвлэлийн хурал зохион байгуулсан гэдгээ “MSPD” ХХК-ийн захирал Ц.Энхбаатар тэргүүтэй нөхөд албан ёсоор хүлээн зөвшөөрч уучлал гуйсан болохыг нуусангүй. 

Ханилсан нөхөр нь бизнес эрхэлдэг нь үнэн аж. Гэхдээ хууль бус үйлдэл хийж байгаагүй ч батлахаа хэлээд авлаа. Хабу зочид буудалд ХЭҮК-ын ажилтнууд хамгийн бага зардлаар шинэ жилээ тэмдэглэх боломж олгосноо, ажилтнууд нь хувиасаа таксаа төлдөг байсныг батална гэв.

Нэр дэвшигчийн танилцуулгаа үзвэл тэр энэ салбарт аргагүй номер нэг юм аа.  Өөрөө л “Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах ёстой“ гэж анх дуугарч, бүх амьдралаа үүнд зориулсан нэгэн аж.

Тэрбээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст нийт 18 жил ажиллажээ. Ажиллах хугацаандаа хүний эрхийг хөхиүлэн дэмжих чиглэлээр хууль хяналтын байгууллага, иргэдэд зориулсан нийт 300 гаруй сургалтыг амжилттай зохион байгуулж, хүний эрхийн тодорхой асуудлаар гадаад, дотоодын 60 гаруй онол, практикийн болон эрдэм шинжилгээний хурал, олон улсын хурлуудад илтгэл тавьж 30 гаруй эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, орчуулгын ном, товхимлыг бие даан боловсруулж, хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгожээ. Хууль зүйн Үндэсний төвд явагддаг хуульчдын давтан сургалт, Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийн эчнээ, эрх зүйн салбарын оюутнууд, цагдаагийн албан хаагчдын давтан сургалтанд хамрагдагсад, төгсөх курсын сонсогч, магистрантурын ангийн оюутнуудад “Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын механизм”,” Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх”, “Хүний эрхийн олон улсын ойлголт стандарт” зэрэг олон төрлийн сэдвүүдээр тогтмол сургалт явуулж байжээ.

ХСИС, Отгонтэнгэр хууль зүйн сургууль болон Тагнуулын академийн магистрын ангийн оюутнуудад хүний эрхийн хичээл зааж, доктор болон магистрын ажлын удирдагч багшаар ажилладаг ба Хууль Сахиулах Их сургуулийн дэд профессор, профессорын судалгааны багийн зөвлөх профессороор ажиллаж байна. Мөн хуульчдын кредит цаг олгох сургалтын 8 гарын авлагыг боловсруулан батлуулж хуульчдад кредит олгох сургалтанд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх.олон улсын гэрээг хууль шүүхийн практикт хэрэглэх сэдвүүдээр хичээл зааж байсныг https://parliament.mn/-д дэлгэрэнгүй дурджээ.