Хэтэвчиндээ, картандаа эсвэл хадгаламжиндаа мөнгөгүй ч хэрэгцээт бүхнээ авчих боломжийг өнөөгийн бидэнд хангалттай байгаа билээ. Зээлийн карт, лизинг, цалингийн зээл гэх мэтээр банкууд олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож хөгжүүлсээр байна. Тэгвэл хэрэглээний зээлийн сөрөг тал нь юу вэ гэдгийг иргэд төдийлэн тооцдоггүй. 

Энэ бол шуудхан хэлэхэд илүү их зардал гаргана гэсэн үг болохыг санхүүгийн шинжээчид тодорхойлдог. 

Аль ч төрлийн зээлийг иргэд авсан хойно учир нь олдоно гэж эндүүрдэг. Уг нь тухайн хүн эхлээд авсан зээлээ яаж төлөх вэ гэдгээ урьдчилаад харчихсан байх ёстой аж. Тиймээс эдийн засагчид тухайн үед болж л таарна гэсэн сэтгэл хөдлөлийн аргаар хэзээ ч зээлд хандаж болохгүй гэж зөвлөдөг. Нөгөө талаар зээл бол нэг төрлийн стресс, сэтгэл зүйн асар их дарамт гэдгийг тухайн тооцоолох ёстой юм. Зээлийн дарамтаас болж хүн сэтгэл ханамжгүй болчихдог. Харин зээлэнд төлөх мөнгөө өөртөө хуримтлал үүсгээд хуримтлуулаад явбал ипотекийн зээлээ 3-5 жилийн дотор төлөөд дуусгачих боломжтой талаар Монгол банкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул зөвлөлөө. Нөгөө талаар хэрэв та зээлээ төлж чадахгүй бол зээлийн мэдээллийн санд таны түүх бичигдэнэ. Иймээс зээлийн төлөлтөндөө хариуцлагатай хандахгүй бол дахиад зээл авахад хүндрэл үүснэ зэргийг тооцоолох нь чухал юм.

Ер нь зээл бол санхүүгийн хямралаас гарах хамгийн сүүлийн арга хэмжээ юм. Гэтэл иргэд хамгийн түрүүнд орлоготой болохын тулд яах вэ гэхээр зээл авна гэж хариулдаг нь Монгол банкны судалгаанаас харагдана. Хэрэв энэ ойлголтыг одоо л өөрчлөхгүй бол яваандаа бид зээлээс хараат болох аюултай гэж санхүүчид үздэг. 

Сүүлийн хэдэн жил тогтмол өссөөр буй хэрэглээний зээлийг авагчдын цөөнгүй хувийг ипотекийн зээлтэй иргэд эзэлж буй. Ипотекийн зээлийн сайн тал нь иргэдийг санхүүгийн сахилга баттай болгосон. Гэхдээ нөгөө талд нь энэ зээлд бэлэн үү гэдэг асуултанд хариулж амжилгүйгээр зээл авчихсан хүмүүс бий. Тэдний ихэнх нь хэрэглээний зээл рүү хошуурч байна. Уг нь зээл гэдэг тухайн хүний орлогын 45 хувьтай л тэнцэх ёстой гэсэн тооцоолол бий. Гэтэл 80 хувьд хүртэл авч байгаа нь зээлдэгчид өөрт нь өндөр эрсдэл дагуулдаг. 

  Нөгөө талдаа зээлийг зээлээр төлнө гэдэг хамгийн буруу арга. Хэрэглээний зээлийн хүү гэхэд дунджаар 19 хувийн хүүтэй байдаг. Бас цалингийн зээл хамгийн өндөр хүүтэй. Олон хүн цалингийн зээл авахдаа сарынх нь төлөлтийг анзаардаг, гэтэл хүүг нь салгаад харвал маш өндөр үнийн дүнтэй байдгийг олж хардаггүй байна.

Сайн зээл гэж байх уу?

Зээл авах нь буруу гэж хэлж байгаа юм биш. Ямар зээл вэ гэдгээс шалтгаална. Жишээ нь зээлийн хүүгээс хэд дахин ашиг олох боломжтой байвал авч болно. Энэ бол хөрөнгө оруулалтын ашигтай зээл юм.