Өмнөд Солонгос даяар хэт халалт үргэлжилж, зуны ид халууны үед тус улсын засгийн газраас айл өрхийн цахилгааны үнийг бууруулах шийдвэр гаргасан тухай тус улсын эрчим хүчний сайд мягмар гарагт мэдээлэв.

Эрх баригч Ардчилсан намын хууль тогтоогчидтой хийсэн хурлын үеэр долоогоос наймдугаар сарын үеэр айл өрхийн цахилгааны үнийг түр бууруулахаар болсон гэж тус улсын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Пайк Ун Гю мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр ид халууны үеэр амьдралын боломж, бололцоо багатай хүмүүсийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд зохих арга хэмжээ авахаа мэдэгдээд цахилгаан хангамжийн хангалттай нөөцтэй тул үүнд ямар нэг асуудал тулгарахгүй гэж хэлсэн байна.

Энэхүү шийдвэрийн дагуу цахилгааны үнийг 20 орчим хувиар бууруулах ажээ. Улс даяар агаарын дулаан цельсийн 40 хэм байгаа хэдий ч бага орлоготой өрхүүд агааржуулагч ажиллуулахаас татгалздаг юм байна. Цахилгааны үнийг бууруулах уг шийдвэр нь зөвхөн айл өрхүүдэд үйлчлэх бөгөөд аж үйлдвэрийн компаниуд болон худалдаачдад хамааралгүй ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг