"Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб хамтран ХЭРЭГЛЭЭГ ШҮТСЭН ЦАГААН САР, ХАВТГАЙРСАН ЗОЛГОЛТООС ТАТГАЛЗАХ УРИАЛГА гаргалаа. МУ-ын Засгийн газар, олон нийтэд хандан уриалга гаргаад байна. 

Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб нь сонин, вэб сайт, ТВ, радио зэрэг хэвлэл мэдээллийн эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчдийн нэгдэл бол Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо нь улс төр, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр бичдэг  сэтгүүлчдийн санаачлагаар өнгөрсөн 2019 оны сүүлээр албан ёсоор байгуулагджээ.  Тус холбоо нь олон нийтэд Тогтвортой хөгжлийн талаарх боловсрол, мэдлэг, мэдээллийг түгээх, сэтгүүлчдийг чадавхижуулах, тогтвортой хөгжлийн төлөө идэвхитэй үйлдэл хийх давалгааг өрнүүлэх, үйлдэл хийгчийг олон нийтэд сурталчлан танилуулах, үйл ажиллагааг нь түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж эхлээд байна.  Дээрх холбоо, клуб нь аль нэг байгууллага, улс төрийн нам, бүлэглэлээс хараат бус, бие даасан, олон нийт, гишүүддээ үйлчилдэг ТББ гэж гишүүд нь танилцууллаа.

Уриалгад "БНХАУ-д шинэ төрлийн коронавирус дэгдэж, дэлхий даяар эрчимтэй тархаж байгаа нь тун удахгүй тохиох гэж буй Төмөр хулгана жилийн сар шинийн бэлтгэл хангах үетэй зэрэгцлээ. Цар тахлын голомт болсон БНХАУ-тай хөрш зэргэлдээ оршдогийн хувьд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам шуурхай арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хорьж, сургууль, цэцэрлэгүүдийг түр амраагаад байгаа ч коронавирус манай улсад орж ирж улмаар хурдтай тархах эрсдэл өндөр байгааг ДЭМБ болон албаныхан анхааруулж байгаа билээ.

Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хүнээс хүнд дамждаг шинэ төрлийн коронавирус нь үхэлд хүргэх эрсдлээрээ 2003 онд дэгдсэн SARS-аас гурав дахин бага хэдий ч тархалтын хувьд илүү эрчимтэй байгаа юм. Уг вирусийн улмаас дэлхий дахинд нэгдүгээр сарын 29-ний байдлаар нас барсан хүмүүсийн тоо 132-т хүрсний дийлэнх нь өндөр настай, суурь, ужиг өвчтэй байсныг мэдээлж буй.

Иймд эдгээр нөхцөл байдлын улмаас Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэддээ хандаж, хэт их хэрэглээг шүтсэн баяр, хавтгайрсан золголтоос татгалзахыг уриалж байна. 

✔Өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд өргөн дэлгэр золголтоос татгалзаж, зөвхөн өндөр настан болон аав, ээждээ золгож хүндэтгэл үзүүлэх байдлаар Төмөр хулгана жилийн цагаан сарыг халуун бүлийнхээ хүрээнд ёслон тэмдэглэх

✔Сар шинийн худалдан авалттай холбоотойгоор импорт эрс нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. 2019 оны хоёрдугаар сард л гэхэд импорт 350 сая ам.доллар байсны 130 сая нь Цагаан сарын худалдан авалтаар өдөөгджээ. Иймд импортыг дэмжиж, валютын гадагш урсгалыг хязгаарлах үүднээс аль болох үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ бие биеийнхээ гарыг цайлгах нь улсын эдийн засагт дэмтэй болохыг санах

✔Үнийн өсөлт, хөөрөгдөл нь дотоодын эдийн засаг болон нийт хүн амын амьжиргаанд урт хугацааны дарамт учруулдагийг харгалзан хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа аль болох хэмнэлттэй, ухаалаг сонголт хийх

✔Халдварт өвчний дэгдэлт, бараа таваарын ашиг хонжооны эрэлт нэмэгдэх зэрэг эрсдэлийг харгалзан Засгийн газар Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой тодорхой шийдвэр гаргаж, ард иргэддээ нэн даруй мэдээлэх" гэжээ. 

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб