Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул, усаа тахин шүтэх, лус савдгаа аргадах заншил бүхий Хэрлэн голын тахилгыг Билгийн тооллын хаврын адаг сарын 28-ны лусын буулттай өдрийн морин цагт буюу Аргын тооллын 5-р сарын 13-ны  өдрийн 11:40 цагаас Баянтүмэн сумын нутаг Бөгтөр харын рашаан хэмээх газар зохион байгууллаа.

Тахилгын арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөллөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд болон Дорнод нутгийн ард иргэд оролцлоо.

Тахилгын үеэр аймгийн Бурхан шашны төв Данриг Данжаалин хийдийн лам, хуврагууд “Юлтий”, Хэрлэн голын сан, газар лусын сан зэрэг ном хурж, аймгийн “Үл бүдгэрэх өв” төслийн хүрээнд Хэрлэнгийн баръяа чуулга “Хэрлэнгийн баръяа” дуу, Хэрлэн голын магтаал өргөж, гол ус, лус савдгаа тахин, баясгасан бөгөөд тэнгэр хангай хур бороо хайрласан сайхан арга хэмжээ боллоо хэмээн иргэд, олон нийтийн зүгээс талархалтай хандаж байлаа.

Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, аймгийн тахилгатай голоор Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг тодруулсан бөгөөд таван голын тахилгыг  жил дараалан зохион байгуулахаар тогтсон байна.

Мөн уг арга хэмжээнд иргэд,  олон нийтийг хамруулах  зорилгоор нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчиллээ.