Роберт Кийосаки бол бизнесмен, зохиолч, Япон гаралтай Америк хүн. Тэрээр дэлхий даяар сая сая хувь борлогдсон “Баян аав, ядуу аав” номондоо хүн бүр хүсэх юм бол баяжих боломжтой гэсэн санааг дэвшүүлж олон хүнийг сэтгэлийг гижигдэж чадсан билээ. Баяжихын тулд боловсролтой байх эсвэл насан туршдаа хүнд хүчир ажилд дарлагдах шаардлагагүй гэнэ. Харин мөнгө авч ирэх санааг олж чадвал мөнгө тань дээр өөрөө ирэх болно.

Р.Кийосакигийн номоор хөглөгдсөн олон хүн залуу насандаа баяжиж, үлдсэн амьдралаа дуртай зүйлээ хийж өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ яагаад бодит амьдрал дээр зөвхөн цөөн тооны хүн л асар их баялгийн үүд хаалгыг нээж чаддаг юм бол?

Р.Кийосакигийн баяжих системийг товчхондоо дараах 8 дүрэмд багтаав: 


Дүрэм 1. Та баяжихыг үнэхээр их хүсэх ёстой.

Багахан хүсэл таныг амжилтад хүргэхгүй. Та бүх зүрх сэтгэлээрээ ядуу, мөнгөгүй байхыг үзэн ядаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн санаагаар өвчлөх ёстой. Тэгж байж л баялагт хүрэх замыг олно. 


Дүрэм 2. Та баяжих эрхтэй хүн, баяжих нь гарцаагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байх ёстой. 

“Би хэзээ ч баян болохгүй байх”, “Би ийм үнэтэй зүйл авч дийлэхгүй”, “Хэмнэх хэрэгтэй” гэх зэрэг бодлууд танд орж ирсээр байвал яг тийм л байх болно. Баян болохын тулд баян хүн шиг сэтгэх хэрэгтэй “Би мөнгө олж чадна”, “Би хүссэн зүйлээ худалдан авч чадна” гэх мэт.


Дүрэм 3. Мөнгөгүй болно гэсэн айдсаасаа сал.

Баяжихын тулд мөнгийг эргэлдүүлэх хэрэгтэй, тэгсэн цагт л мөнгө тань дээр эргэж ирдэг болно. Мэдээж энэ нь эрсдэлтэй, алдагдал хүлээх нь гарцаагүй. Ихэнх хүмүүс мөнгөнөөсөө салах, мөнгөгүй болохоос хэтэрхий их айж болгоомжилдог учраас л баяжиж чаддаггүй. Та 9 удаа бүтэлгүйтэж, 10 дахь удаадаа өмнөх алдагдлуудаа нөхөх хэмжээний мөнгө олох байсан бол тийм хэмжээний эрсдэл гаргах уу?“Тийм” гэж зоригтойгоор хариулах хүн л асар их баялагт хүрч чадна. 


Дүрэм 4. Зарлагаа танаж, тансаг хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.

Баян хүн мөнгөөрөө эхлээд хувьцаа авна, бизнест хөрөнгө оруулна, дараа нь өөртөө юм худалдаж авдаг. Харин ихэнх хүмүүс эсрэгээрээ: баян харагдахын тулд үнэтэй, тансаг эд зүйлс худалдаад авчихна. Гэхдээ гаднаасаа баян харагдлаа гээд баян болчихгүй. Танд өндөр үнэтэй машин, орон сууц, зуслангийн байшин байлаа ч энэ бүгдийгээ зээлээр эсвэл сүүлчийн мөнгөө шавхан байж авсан, цаана нь эргэлтэд оруулах сул мөнгө үлдээгүй бол та баян биш, ядуу хүн. 


Дүрэм 5. Пассив хөрөнгөө багасгаж, актив хөрөнгөө өсгө. 

Пассив хөрөнгө гэдэгт ашиг авч ирэхгүй, зөвхөн зарлага гардаг: орон сууц, байшин, машин зэрэг орно. Та байшингаа түрээсэлж, машинаараа мөнгө олдоггүй бол шүү дээ. Актив хөрөнгө гэдэг нь танд мөнгө авч ирдэг бүх зүйл: бизнес, хувьцаа, түрээсэлдэг үл хөдлөх хөрөнгө гэх мэт. Хэрэв та актив хөрөнгөгүй бол баяжиж чадахгүй. 


Дүрэм 6. Та хэн нэгний дор ажилладаг ажлаасаа гарч, өөрийн бизнесийг эхлүүлэхэд бэлэн байх ёстой. 

Ингэснээр актив хөрөнгө босгож, ирээдүйд хийх хөрөнгө оруулалтынхаа мөнгийг олж чадна. Жинхэнэ баялаг хөрөнгө оруулалтаар бий болдог. Эхлэл капитал байхгүй гэсэн шалтгаанаар бизнесээ эхлэхгүй байж болохгүй. Бид амжилттай бизнес босгохын тулд гайхалтай санаа байхад хангалттай мэдээллийн эрин үед амьдарч байна. Хэрэв та олон хүнд хэрэгтэй зүйлийг бага зардлаар, их хэмжээний ашиг олохоор зохион бүтээх санааг олж чадвал амжилттай бизнесийн суурийг тавих бүрэн боломжтой гэсэн үг. 


Дүрэм 7. Танд одоогоор маш бага мөнгө байгаа ч гэсэн хөрөнгө оруулалт хийх урлагт суралц.

Санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, хөрөнгө оруулалтын сан, хувьцаа, банк, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл зэрэг мөнгө оруулж, эргэлдүүлэх арга юу байна бүгдийг нь судал. Бага багаар хөрөнгө оруулалт хийж эхлэн, түүнээсээ хурдан ашиг олж сурах хэрэгтэй (тухайлбал, хувьцаа худалдан авч эргүүлэн зарах гэх мэт). Хэсэг хугацааны дараа хувийн бизнес чинь хөгжөөд ирэх үед та томоохон хөрөнгө оруулагч болж хүссэн үедээбизнесээ заран амралтаа авч, зөвхөн хөрөнгө оруулалтынхаа ашгаар амьдарч чадна. Таны хүсээд байсан санхүүгийн эрх чөлөө тэр үед л ирнэ. 


Дүрэм 8. Хамгийн чухал дүрэм – Та мөнгөнд маш их дуртай байх ёстой. 

Та үргэлж мөнгөний талаар бодож, ярьж, хэрхэн өсгөж үржүүлэх арга замуудыг хайх хэрэгтэй. Та үүнд сонирхолтой байх ёстой. Санхүү, мөнгөтэй холбоотой эдгээр зүйлс танд сонирхолгүй санагдаж байвал баян болох боломж чинь тун бага байна. 


Эх сурвалж: www.yamilliarder.ru