Мөнгийг олохоос илүү зөв зарцуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь хэрэгцээ цаг ямагт байдаг бөгөөд өсөн нэмэгдэх хандлагатай байдаг. 

Өөрөөр хэлбэл, хүний хэрэгцээ нь хязгааргүй, хэрэгцээг хангах мөнгө хязгаартай. Иймд хязгаарлагдмал нөөц буюу мөнгийг хязгааргүй хэрэгцээнд зөв зохистой зарцуулах нь хувь хүнээс илүү их ур чадвар шаардана. Түүнчлэн мөнгийг хэрэгтэй зүйлсэд шаардлагатай хэмжээгээр зарцуулах нь зүйтэй. Олж байгаа мөнгө биш, үлдэж байгаа мөнгө л хүнийг чинээлэг болгодог гэсэн үгийг үргэлж санаж явах хэрэгтэй. 

Хувь хүн эсвэл өрх гэр зардлаа төлөвлөхдөө дараах зүйлсэд анхаарвал зохино.

Үүнд: 

☘Зарцуулалт хийх зүйлс нь хэрэгцээ юу? эсвэл хүсэл үү? гэдгийг ялгаж таних;

☘Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг харгалзаж үзэх; 

☘Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх үед мөнгөний хариултыг бага гэлтгүй авч байх;

☘Амьдралын энгийн зүйлсээс таашаал авах; 

☘Эд зүйлсээ гамнаж тордох зэрэг орно. 

Олсон орлогоо зөв зохистой зарцуулж байж амьдралд тохиолдох эдгээр үйл явдлыг шийдэх боломжтой. Хүн олсноороо биш хэмнэснээрээ баяждаг гэх үг ч бий. Хүн хэрэглээгээ хянаж, төлөвлөж, тооцоолж байж сая хэмнэлт үүсгэж, хуримтлал бий болгоно. 

МӨНГӨӨ ЗӨВ ЗАРЦУУЛАХ АРГУУД

Дугтуйт төсвийн арга

Зардлын төрөл бүрээр дугтуй бэлтгэн өрхийн төсвийн тооцоогоо хуваарилж, төлөвлөгөөтэй зарцуулах арга юм. Америк болон Солонгос, Хятад улсуудад их хэрэглэгддэг. Энэ арга олон гэр бүлд үр ашгаа өгч чадсан байдаг. Дугтуйт төсвийн аргыг хэрэгжүүлэхийн өмнө орлого, зарлагаа бүртгэх бөгөөд түүнд үндэслэн орлого, зарлагаа төлөвлөнө. Өрхийн орлогыг зарцуулахын өмнө бага ч гэсэн мөнгийг хуримтлалдаа тогтмол хийсний дараа хэрэглээнд хуваарилна. Орлого хэрэглээнээс илүү гарвал хадгаламжаа нэмэгдүүлэх нь зүйтэй. Энэ аргын гол агуулга бол өдөр болон сараар нийтлэг гардаг зардлуудаа тус тусад нь дугтуйнд хийнэ. Жишээ нь: Хоол хүнс 200000 төгрөг, унаа тээвэр 75000 төгрөг, өр зээл 280000 төгрөг, хадгаламж 200000 төгрөг гэх мэт. 

Компьютерын системийн арга 

Манай улсын хувьд орлогын хэмжээ их байсан ч хэрэглээндээ захирагдаж, орлогоосоо давсан зарлага гарган, улмаар хуримтлуулах, хадгалах боломжгүй болох тохиолдол элбэг. Дундаж орлоготой гэр бүлүүдийн хувьд ядуу, эмзэг байдалд өртөх магадлал өндөр байдаг гэж статистик судалгаагаар гаргасан байна. Энэ нь магадгүй тэдний хэрэглээ өндөр байдагтай холбоотой юм. Энд мөнгөө зөв менежменттэй зарцуулах нэг аргыг танилцуулья.

Өрхийн төсвөө зохиохдоо тодорхой түвшинд алхамчлах хэрэгтэй. Жишээ нь: Өрхийн орлого, зарлагаа бүртгэх, зарлагын түүхээ дүгнэж, тэвчиж болох зардлаа олж илрүүлэн, өрхийн төсвөө зохиох, өрхийн төсвөө чанд мөрдөн санхүүгийн сахилга баттай байх. Өрхийн төсвийн үндсэн зарчим • Өрхийн төсвөө нэг байлгаж, шийдвэрийг хамтдаа хэлэлцэж гаргах; • Хадгаламжийн дансаа хоёр хүний нэртэй, мөн хоёр хүний гарын үсэгтэй байлгах; • Аль болох зээлгүй байхыг эрмэлзэх;