MNTM шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 10 дугаар сард гарсан. Тус хэрэг гадны ямар нэгэн нөлөөтэй хэмээн талийгаачийн гэр бүлийнхэн үзэж буй талаараа хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн юм. Харин хэргийн шалгалтаар гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсныг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

Тус асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийж, хэргийн газрын зарим нотлох зургийг олон нийтэд дэлгэлээ.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас "Эрүүгийн хэргийн оролцогч нарын нэрийг дурдах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хуулинд захирагдаж зохих хэсгийг мэдээлж байна.

Энэ хэргийн дагуу хэргийн газрын үзлэг, мэдүүлэг авах, сэжиглэгдэж буй хүмүүсийн хувийн байдлын талаар тодорхой шалгалтын ажиллагаануудыг явуулсан.

Цогцос олдсон газар нь барилга барих гэж байсан хүний хөдөлгөөн байдаггүй, гаднаа хашаатай, дотор нь хамгаалалтын ажилтан байдаг хоосон газар байсан. Тиймээс цогцосыг олоогүй 6 орчим цаг болсон. Хэрэг гарсан газрын 6д байрны 14 дүгээр давхрын коридорын тагтны салхивч онгорхой байсан. Үүнд бидтуршилт явуулж цонхны онгорхой зайгаар хүн багтаж байна уу, үгүй юу гэдгийг шалгасан. Шалгалтаар тус зайгаар хүний бие багтах боломжтойг тогтоосон. Энэ хэргийн шалгалт ерөнхийдөө дуусч байгаа. Цахим орчинд яригдаад буй хэн нэгэн хөрөнгө мөнгөтэй, албан тушаалтан энэ хэргийн дүгнэлтэд нөлөөлсөн явдал байхгүй. Бид бусдын нөлөөнд автаж, хүний амь нас хохирсон хэрэг дээр нотлох баримтыг нууж, хэн нэгнийг хаацайлж болохгүй албан тушаалтнууд. 

Энэ шалгалтын явц дууссаны дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дахиж мэдээлэл гарсан. Тодруулбал, Франц улсад байгаа иргэн н.Гэрэлхүүгээс энэ хэрэг гадны нөлөөтэй. Виски бариад орсон 4 хүн байсан гэсэн мэдээлэл бий. Үүнийг бид үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгаа. Энэ тухай мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайдад утсаар мэссэж хэлбэрээр хүргүүлсэн байна. Үүнийг Ерөнхий сайд хүлээн авч, энэ чиглэлийг анхаарч шалгахыг хүссэн. Бид анхаарах болно" хэмээн мэдэгдлээ.