Улаанбаатараас хулгайн замаар Хэнтий аймагт очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Одоо нарийвчилсан буюу PCR шинжилгээний дүнг хүлээж буй юм.

Тэгвэл тус түргэвчилсэн шинжилгээний хариу PCR шинжилгээгээр үгүйсгэгдэх буюу сөрөг гарах магадлалтайг Эрүүл мэндийн сяа Т.Мөнхсайхан Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдааны үеэр хэлжээ.  Учир нь Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 7 хүний хариу эерэг гарсан байна. Улмаар PCR, сорьцийн шинжилгээ авахад хариу нь давтан сөрөг гарч, халдваргүй нь нотлогджээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хоёр иргэний хариу эерэг гарсан. Гэхдээ томуу, томуу төст өвчний үед буруу оношлогдох асуудал байдаг. PCR шинжилгээгээр нотлогдоно" хэмээлээ.

Тус хоёр иргэний PCR шинжилгээний хариуг 17:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр хэлэх аж.