Хан Хэнтий нутгийн оны шилдгүүдийг тодруулах “ХААН ШОНХОР-2019” тэргүүн ёслол баасан гаригт болжээ.

Энэ удаа тус ёслолын "Оны шилдэг амжилт"-ын эзнээр Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын аварга Энхтөгсийн Оюунболдыг тодруулав.

Мөн "Чингис хааны өвийг Олон улсад түгээн дэлгэрүүлэгч" шагналын эзнээр Их эзэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний үнэн бодит түүхийг шинэ чиг хандлагаар судлан шинжлэх, дэлхий дахинд сурталчлан таниулж буй амжилт бүтээлээрээ АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, монголч эрдэмтэн ЖАК УЭТЕРФОРД тодорч, шагналыг “Jack Weatherford” сангийн эрдмийн зөвлөлийг дарга О.Сүхбаатар гардан авлаа.

Энэхүү ёслолын "Оны шилдэг Оюуны бүтээл" -ийн эзнээр “Мянганы суут хүн- Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк төсөл, үндсэн үзэл баримтлал, түүх, археологийн судалгааны ажлын бүтээлээрээ Жаргалтхаан сумын харьяат, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Салбарын эрхлэгч доктор, профессор Батмөнхийн Цогтбаатар тодорсон юм.

Сонирхуулахад 2018 оны “Хаан шонхор”-ын эзнээр “Цагаан шонхор холдинг” компанийн ерөнхий захирал Чимэдийн Энхтайван тодорсон байдаг юм.