Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд зарим аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, цаг агаарын байдал гамшгийн хэмжээнд хүрэхийг ЦУОШГ, ОБЕГ-аас өчигдөр мэдэгдсэн.

Тодруулбал, Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, гамшгийн хэмжээнд хүрнэ. 

Мөн өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Төв аймгийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

2008 оны 5 дугаар сарын 26-27-нд дээр дуурдсан аймгуудаар үүнтэй ижил цаг агаарын үзэгдэл болжээ. Энэ үеэр 52 хүн амиа алдаж, 324.000 мал хоргодож, холбоо болон эрчим хүчний 668 шон унаж, 100 гаруй байшингийн дээвэр, гэр нурсан байна.

Иймд Хэнтий аймгийн Засаг дарга цаг агаарын онц аюултай үзэгдэл байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргаж, өнөөдрийн 10.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлахыг холбогдох албаныханд даалгажээ.


Тус захирамжийг хүргэж байна.

- Иймд иргэд  цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

- Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.