"МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон зарим иргэний нийгмийн байгууллагаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор огцрохыг шаардсан тулган шаардах бичгийг өнгөрсөн даваа гарагт өгсөн.

Тус шаардах бичгийн хариуг АТГ-ын дарга Х.Энхжаргал өгчээ.

Хариу албан бичигт:

"...АТГ ямар нэгэн байдлаар дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруурах хууль зүйн ямар ч боломжгүй. Гэтэл зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно" гэж, 22.5 дахь хэсэгт "Хууль зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно" гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй юм" гэжээ.

АТГ-ын дарга Х.Энхжаргалын хүргүүлсэн хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


"МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигчдээс АТГ-ын даргад ирүүлсэн тулган шаардах бичгийг хүргэж байна.