Лхагва гарагт буюу өнөөдөр хийхээр товлоод байсан хоёр Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээг Умард Солонгос цуцалсанд харамсаж байгаагаа Өмнөд Солонгос илэрхийллээ.

“Ёнхап” агентлагийн мэлээлснээр, Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр хийхээр хэлэлцэж тохиролцоод байсан хоёр Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээг Умард Солонгос дангаар шийдвэр гарган цуцалсанд бид харамсаж байна” гэжээ.

Мөн тус яамны мэдэгдэлд “Өнгөрсөн сард болсон манай хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохыг бид чин сэтгэлээсээ эрмэлзэж байна” гээд Солонгосын хойгийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө яриа хэлэлцээний ширээнд яаралтай эргэн суухыг Умард Солонгост уриалсан байна.

АНУ болон Өмнөд Солонгос агаарын цэргийн хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Умард Солонгос уг хэлэлцээг цуцалсан юм.

Өнгөрсөн сарын 27-нд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг, тухайлбал Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөөг боловсруулах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр авч хэлэлцэх ёстой байжээ.

Өмнөд Солонгос болон АНУ 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан "2018 Max Thunder" агаарын цэргийн сургуулилтыг хийж байгааг БНАСАУ-д “цохилт өгөх бэлтгэл” бөгөөд “өдөөн хатгалга” гэж Пхеньян үзэж байна. Уг цэргийн сургуулилт нь  энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 25-нд дуусах юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг