Сэтгүүлч, зохиолч М.Бүжинлхам “Хоггүй Монгол” ТББ-ыг тэргүүлж олон нийтэд гялгар уутны хор хөнөөлийг таниулах ажлыг хийж яваа цөөн хүмүүсийн нэг билээ. Мөн хуучин хувцасаа бусдадаа өгөх "Өгөөмөр өдөр"-ийг зохион байгуулах гээд их ажлын хажуугаар бас нэгэн номоо өлгийджээ. 

Номны нэр нь "Зүрхнээс ину" . Тэрбээр энэхүү бүтээлдээ сэтгэлгээний өгүүллэгүүд астрал аяллын тэмдэглэлүүд багтсан байна.

Хэл сэтгэхүйн хийсвэрлэл, зүүд, зөн билэг, совин, далд ухамсрын, 6 дахь мэдрэхүйн сэрэл, сэтгэмж, гүн бодролоор бичигдсэн энэхүү бүтээл уншигчдад өөрийгөө танин мэдэх, дотор хүнээ чагнах боломж олгох нь эргэлзээгүй.

Ингээд түүний бүтээлийн талаар зохиолч, эрдэмтэн, нарын бичсэн сэтгэгдэл, зохиолч М.Бүжинлхамын талархлын үгсийг хүргэж байна.

Тогтсон нэг хэвшил, хэл сэтгэлгээгээр бус өөр нэг өнцгөөс харсан "Зүрхнээс ину" 

Монголын энэ цагийн нэртэй, зүстэй найрагч Бэсүд Мягмарсүрэнгийн хоёр ч номыг миний бие түүдэглэн баринтаглахдаа түүний өөрийн гэсэн өвөрмөц арга барил, үг хэллэг, ур дүрслэлтэй уянга-сэтгэмж-сэтгэлтэй нийтгэсэн шүлгүүдтэй яруу найрагч гэдгийг онцлон тэмдэглэн бичиж байсан нь хэдхэн жилийн өмнө.

Харин энэ үес (2018.03.27-28) эмч яруу найрагчийн төрсөн охин сэтгүүлч М.Бүжинлхам гэх хурц өрнүүн үйл явдал, сонин содон, тод дүр, үг хэллэг, өвөрмөцөөс өвөрмөц сэтгэлгээ (хаос ч юм уу модерн)хэл сэтгэхүйн хийсвэрлэл, зүүд, зөн билэг, совин, далд ухамсрын, 6 дахь мэдрэхүйн сэрэл, сэтгэмж, гүн бодролоор бичигдсэн шүлэг зохиолуудыг уншиад аав, охин хоёрт эрхгүй баярлах сэтгэл, сэтгэгдэл төрөв.

Олон жилийн тэртээ “4 биш 4” гэх нэгэн залуу зохиолчийн өвөрмөц бүтэц зохиомжтой, уран зохиолын ховор нэгэн төрөлд (аль төрөл гэдгийг хэлэхэд хэцүү) тооцогдох зохиолыг уншсанаа эл үес эргэн санав. Бүжинлхамын зохиол мөн адил уншигч бидний уран зохиол, урлагийг ойлгож мэдрэх, ухаарлаас онхид өөр, өвөрмөц жанр бүхий байгаа нь анхаарууштай бөгөөд зөвхөн зохиолын баатар, газар усны нэр гэхэд л сонин, чамин. Тухайлбал, Мэгтээ, Тэсэхээ, Ээрэлээ, Төө, Дурлал, Нахаа тэр байтугай  Шээс, “О” гэх нэртэй, Ходой хайрхан, Морин тал гэх мэт.

Хүн, нийгмийн амьдрал, хүн хоорондын харилцаа, эд юмс, орчин, ахуйн дүр, дүрслэлийг тогтсон нэг хэвшил, хэл сэтгэлгээгээр бус өөр нэг өнцгөөс харжээ. 

Амьдралын эхлэл өрнөлийг бус, төгсгөл- үхлийн тухай, там диваажин гэх сүнсний орон, сэтгэл мэдрэмжийн хурц хөдлөл, үйл явдлыг сонгон, сонирхолтой зохиомж, бүтэцтэй, үг яриатай бичсэнгийг уншигч, судлаачид сонирхон үзэж, зохиолчийн болон зохиолынх нь тухай үнэн бодитой үнэлэлт, дүгнэлт өгнө гэдэгт итгэлтэй байна.

Монголын Хэл Шинжлэлийн Ухааны Доктор Д.Баттогтох


М.Бүжинлхамын маань өгүүллэгүүд маш өвөрмөц сэтгэлгээтэй мөртлөө их гэнэн

Яг л Мягаа ах шиг, маш их цагаан бас л Мягаа ах шиг! Хүүхэд насных уу? Удам судрынх уу? Хэн мэдлээ! Юутай ч хайрламаар!

Тиймээс л “Чамаас өөр ямар хүн даашинзны хормой хараад өрөвдөж суух вэ дээ?” гэсэн бас нэг бодол толгойд нь харваад хэлээ хазлаа. / Сайхан эсвэл Сайн \ хэмээх өгүүлэмжийг чинь уншиад олон жилийн өмнө хэлсэн нэг үгийг чамд зориулж залхууралгүй иш татмаар байна. Үгүй дээ дүү минь! В.Набаковын хэлсэнээр “Неандерталийн хөндийгөөс бяцхан жаал хүү хашгичсаар чавхдан гарч ирэхэд араас нь саарал чоно шил даран гарч ирсэн тэр өдөр уран зохиол төрсөн юм биш, харин “Чоно, чоно” гэж хашгирч гарч ирэхэд нь араас нь нэхсэн чоно байхгүй байсан тэр өдөр уран зохиол төрсөн юм! Юу хэлэх гээд байна вэ гэхээр уран сэтгэмж л чухамдаа урлаг уран зохиолыг бий болгосон гэдэг энгийн үнэнийг л хэлж байгаа хэрэг. Тиймээс чамаас өөр хэн ч даашинзны хормой хараад өрөвдөж суухгүй нь за бараг мэдээж байх. Гэхдээ харин чи л ганцаараа даашинзны хормой хараад өрөвдөж суудаг учраас бидэнд уран зохиол буюу уран бүтээлч төрөх найдвар байгаа хэрэг! Чухам тийм л учраас бид чамайг хайрланам. 

С.Энхбаяр доктор ( Ph,D) профессор (МУБИС)

                                                

ДОТРООС МИНЬ УРГАХ ИНУ

Номыг уншиж дуусаад сүүрс алдлаа. Сүүрс алдахын учир нь надад тунчиг олныг эргэцүүлэн бодох ажил үлдсэнд байгаа юм. Аль ч үед миний л хувьд ном гурван янз л байсан. Туучаад гарах, тухлан ханьсах, сүүрслэн эргэцүүлэх. Сүүлийн жилүүдэд сүүрслэн эргэцүүлэх хэд хэдэн ном уншсаны минь дотор  М. Бүжинлхамын ЗҮРХНЭЭС ИНУ нэрт ном зүрхэнд минь байр сууриа огт алдалгүй суурьшсан билээ.  Номыг уншсанаас хойш бас ч хэдэн жил улирчээ. Их ч баярласан. 

Баярлахын учир бид хөрш байж ажлын өрөөний минь цонхон дор хүүхдүүдтэй минь шуугин тоглож явсан жаахан охин зохиолчийн хүнд хөдөлмөр нирхийж байдаг ширээнд бодол зангидан суусанд байгаа юм. 

Тэр номд бүсгүй хүний нямбай чанар нэвт шингэсэн байсан. Яг л дээлийн сампин нямбайлан зангидсан лугаа. Төсөрхөн М. Бүжинлхам маань хоёрдох номоо

-Үүнийг уншаад өгнө үү хэмээн алган дээр тавьлаа. 

ДОТРООС ИНУ номыг уншчихаад яг одоо ийнхүү бодлогоширон сууж байнам. Энэ ном тэр чигээрээ л хайр юм. ХАЙР хэлэхэд хамгийн амархан, хамгийн ойр, бичихэд хамгийн энгийн үг ч байж мэднэ. Гэтэл бас эрэлхийлэх тусам цааш хөтөлдөг зам шиг алс, далай шиг гүн, уулын гол шиг ширүүн урсгал аж. Чухам энэ эрлийн замыг М. Бүжинлхам маань сонгон аялсан байна. Эрлээ ч олж. Хайр муруй тахир байхыг, бас эгц шулуун байхыг, санаанд огт оромгүй цөлд цэцэглэн дэлгэрч байхыг тэр харжээ. Уншигч та хэдхэн хормын дараа л хайрын энэхүү олон өнгө төрх зан араншинтай танилцаж эхлэх тул олон тайлбар хиймээргүй байна. Зүрх эзлээд, сэтгэлд тод үлдэж байгаа М. Бүжинлхамын нээсэн ХАЙР-ын өвөрмөц араншингаас ганц хоёрыг дурьдалгүй орхивол алдас болох тул зориуд ярьж байна. Энд бурхан болооч аав, бурхан болооч ээжийн хүү хоёр бий. Нэг нь тахийж муруйсан хайрыг тэгшлэх гэж өөрийгөө хувирган хувирган ирсэн аав. Гэвч муруйж одсон хайрын эзэн бүсгүй эцсийн бүлэгт аавыг хэн бэ гэдгийг таньж байна. Хөөрхий минь тэгшилж чадсангүй тэр муу аав. Болохгүй нь ээ, болдоггүй юм гэдэг болдоггүй л юм байна.

Удаах жишээ: Нэгэн сайхан ээж бурханд одож тийн одоход түүнд хоёр сонголт байж. Аль нь ч байж болно. Харин хүүд нь нэг л зүйл үлдсэн тэр нь ХАЙР. Хүүгийн хайр тэр ээжийн үлдээсэн үндэс юм. Ургамал юм. Тэгээд ч тэгшхэн ургаж байна. Энэ бүхнийг хараад уншаад надад юү бодогдов гэвэл М. Бүжинлхам ертөнцийн энэ олон өнгө төрх дотроос өөрт оногдсон чухам тэр өнгө төрх, замаар явж байна. Тэр түүнийг цардмал юм уу чулуун зам болгоё гэж хичээсэнгүй яг ямар байх ёстой юм түүгээр нь л явж байна. Энэ нь түүний бичлэгийн хэлбэр, агуулгын нэгдлээр нэгэн цогц болж илэрч байгаа юм. Ерөөсөө зохиолчийг илэрхийлдэг, харуулдаг нэг л зүйл бий. Энэ бол найруулга. Чухамхүү ийм өөрийн өнгө төрхтэй илэрхийлэх аргатай найруулга түүнд байгаа нь хамгийн гол өмч нь юм. Түүнийг бурхан л илгээдэг гэж боддог юм даа миний хувьд. Өөрт тань энэ бүхэн байна. Одоо дүү минь, охин минь алсыг зорих цаг чинь иржээ. Өгүүллэгт найргийн амин сүнс, тууж, романы уртын урт сүлд нэвчиж шингэсэн байдаг. Нэг үгээр хар цагаан түүдэг хошиж томдог дээс юм. Энэ дээсийг тэр бүр хүн томдоггүйг, томлоо ч тэр бүр ХАЙР бугуйлдаж чаддаггүйг  бахархан хэлээд ах нь дахиад нэг сүүрслэе дээ. 

НОМ БОЛГОН ИЙМ ХАЙР Ч БАС БИШ ШҮҮ.

            Зохиолч Доржзовдын Энхболд.


Талархал

Бид амьдралд зүрх зүсэм, сэтгэлд үл багтам аймшигтай зүйл олныг хийдэг хэрнээ утга зохиолоос уран нарийн бичлэг, зөөллөсөн яруу тансаг байдлыг мэдрэх гэж шүүрддэг нь зөв санагддаггүй ээ. Заавал уран яруу байх ёсгүй... Цаашдаа илүү бүдүүлэг, бохир, ёс зүйгүйг бичиж ч магад... Учир нь өнөөгийн бидний, “Миний ҮНЭН” энэ юм. 

Утга төгс бус, бүтэц хэлбэрийн гажуудал, бүтэн алдаатай бичвэрүүдийг минь тоож уншсан С.Энхбаяр доктор ( Ph,D) профессор (МУБИС),  Монголын Хэл Шинжлэлийн Ухааны Доктор Д.Баттогтох, үргэлжилсэн үгийн мастер Д.Энхболд, Мөнхнаран, авъяас төгөлдөр Г.Анун зураач нарт чин сэтгэлээсээ талархаж байна. 

Өнөөдөр би хэдэн үг холбоод эмхэтгэн хэвлүүллээ. Хачин их баяртай байна. Гэхдээ энэ бол миний биш ААВЫН минь л ач буян юм. Номон дунд өсгөсөн  аавдаа дэндүү их хайртай... Тандаа талархан мөргөе.                                  

Зохиолч М.Бүжинлхам