УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Х. Булгантуяа "2020-2024 онд коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулах, бизнес эрхлэх орчинг илүү таатай болгох, зээлийн хүүг бууруулах, ажлыг хийхээр зорьж байна. Үүн дээр 20 гаруй хууль батлах ёстой байгаагаас 10 гаруйг нь баталсан.

Намрын чуулганаар банкны хүүг бууруулах баримт бичгийг Монголбанктай хамтарч боловсруулсан. Банкуудын зүгээс зээлийн хүүг бууруулахад онцгой анхаарч байгаа боловч зарим хуулийн заалтад өөрчлөлт оруулах шаардлага байна. Эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдлийн зардлыг бууруулах зэрэг ажлыг хийхээр зорьж байна.  

2021 оны мөнгөний бодлогод импортын барааг орлох үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор Монголбанкнаас 250 тэрбум төгрөгийг улирал тутамд олгохоор төсөвлөсөн.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын валютийн сангийн хөтөлбөрийн хүрээнд бид банкны салбарт томоохон судалгаа, хөрөнгийн үнэлгээ хийсэн. Монгол Улсын хэмжээнд 200 гаруй хөрөнгийн үнэлгээчин байдаг. Тэдний чадавхийг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг санаачлан  өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан. Энэ ажлын хүрээнд эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Валютын зээлийг Монголбанкинд бүртгүүлдэг ч гадаад валютаар орж ирсэн бусад гүйлгээг бүртгүүлэх зохицуулалт байдаггүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр монгол мөнгөөр гүйлгээ хийх ёстой гэсэн хууль байдаг. Гэвч хийхгүй бол яах вэ гэсэн зохицуулалт байдаггүй учраас төр засгаас явуулсан консецийн гэрээг доллараар байгуулсан үйл явдал ч болж байсан. Тиймээс 1994 оноос хойш 19 удаа өөрчлөгдсөн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн хуулийн төсөл дээр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. 

Дээрх дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх, эрүүлжүүлэх, өрсөлдөөн, инновацийг дэмжих, технологийн дэвшлийг эдийн засгийн бүхий л салбарт оруулах ажлуудыг хийхээр төлөвлөж байна" гэлээ.  


УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын мэдээллийг ЭНД дарж уншина уу.